sonin.mn
БАНГКОК./Kyodo/. Таиландын угсаа залгамжлах хунтайж Маха Вачиралонгкорн ард түмнийхээ асар их хайр хүндэтгэлийг хүлээсэн хаан эцгийнхээ халааг авч, улсынхаа хаан боллоо.
 
Тус улсын түр парламентын дарга пүрэв гарагт хунтайж Маха Вачиралонгкорныг хааны ордонд урин залжээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө хууль тогтоох дээд байгууллага түүнийг хаанаар өргөмжилсөн юм.
Хунтайж хэлэхдээ “эцгийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө, Таиландын ард түмний сайн сайхны төлөө би парламентын урилгыг хүлээн авч байгаадаа баяртай байна” гэжээ.
 
Өдгөө 64 настай Маха Вачиралонгкорн бол энэ оны 10 дугаар сард таалал төгссөн хаан Пумипон Адульядетын ганц хүү юм. Хаан Пумипон Адульядет тус улсыг 70 жил удирдсан билээ.
 
Хаан Пумипон Адульядетын цогцсыг чандарласны дараа буюу ирэх оны 10 дугаар сард Вачиралонгкорныг албан ёсоор хаан ширээнд залах ёслол болох юм. Шинэ хаан хааны ордонд болдог ёслол, арга хэмжээнүүдийг удирдаж, хуулийн төсөлд гарын үсэг зурна.
 
Шинэ хаан Таиландын улс төр болон эдийн засгийг тогтвортой болгоход хувь нэмрээ оруулж, эцгийнхээ адилаар олны дэмжлэг, хүндэтгэлийг хүлээж чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг