sonin.mn
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд зохион байгууллаа.
 
Өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчид гэр бүлийн тухай жүжигчилсэн тоглолтоор нээж, Багахангай дүүргийн 2016 оны шилдэг гэр бүлээр шалгарсан Н.Дамдинрагчаагийн гэр бүл “Миний гэр бүлийн аз жаргал” дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Тус уралдаанд нийт 90 бүтээл ирүүлснээс эхний гурван байрыг шалгаруулж шагнал гардуулсан юм.
 
Уралдааны нэгдүгээр байрт 56 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Мөнххүслэн, хоёрдугаар байрт Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Аззаяа, гуравдугаар байрт Гурван тамир сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Танан нар шалгарлаа. Сурагч Б.Мөнххүслэн, “Миний хувьд гэр бүлээрээ хөдөө аялахыг хамгийн аз жаргалтай мөч гэж боддог. Мөн амьтад ч гэсэн бидний гэр бүл болдог. Тиймээс амьтдын гэр бүлийг хамтад нь зурсан. Аз жаргалтай гэр бүл гэдэг хамгийн өнгөлөг тод байдаг учраас том, гоё өнгөтэй модны доор гэр бүлээрээ, амьтадтайгаа аялж байгааг зурсан” гэв.
 
Эдгээр бүтээлд хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт байх, гэр бүлээрээ чөлөөт цагийг өнгөрүүлэх, ширээ тойрч ярилцах зэрэг бүгд хамтдаа элэг бүтэн амьдралыг гэр бүлийн аз жаргал хэмээн харж байгаагаа илэрхийлжээ.
 
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлтуяа хэлэхдээ, “Нийслэлчүүд гэр бүлийн өдөртэй болсон. Сар бүрийн сүүлийн ням гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх НИТХ-ын тогтоол гарч, хоёрдугаар сараас хэрэгжиж байна. Ингэснээр гэр бүлдээ хүүхэд аз жаргалтай, эерэг дулаан уур амьсгалтай, чөлөөтөй байх орчин нөхцөл бүрдэж байна.  
 
Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн багш нарт найдаад хүүхдээ юм ярихад нь дараа ярь, дараа сонсъё гэхчлэн төвөгшөөдөг болсон. Тиймээс энэ өдөрлөг нэг өдөр ч гэсэн аав, ээжүүд хүүхэддээ цаг гаргадаг байгаасай, тэдний үгийг сонсдог байгаасай хэмээн гэр бүлийн илүү аз жаргалтай, бат бэх, тогтвортой, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чиглэж байна” гэв.
 
Өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, нийслэлийн шилдэг гэр бүл болон хүүхдүүдийн төлөөлөл оролцов.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг