sonin.mn
ПАРИС. /Reuters/. 2025 он гэхэд дизель хөдөлгүүртэй бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглоно гэж дэлхийн дөрвөн томоохон хотын удирдагчид мэдэгдлээ.
 
Парис, Мехико, Мадрид болон Афин хотын дарга нарын мэдэгдсэнээр, тэд агаарын чанарыг сайжруулахын тулд ийм хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийджээ.
Дизель хөдөлгүүртэй автомашинуудын оронд өөр төрлийн тээврийн хэрэгслүүдээр зорчих, явган явах болон дугуй унахыг хотуудын дарга нар уриаллаа.
Мексикийн нийслэл Мехико хотноо болсон хотын дарга нарын хоёр жил тутмын уулзалтын үеэр дээрх дөрвөн хотын дарга нар дизель хөдөлгүүртэй аливаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэдгээ мэдэгдсэн байна.
 
Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдээс ялгарч байгаа утаа нь агаарыг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж холбогдох албаны хүмүүс санаа зовнин, ийм автомашинуудыг хориглохыг сүүлийн жилүүдэд уриалах болсон юм.
 
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жилд гурван сая орчим хүн хорвоог орхидог байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг