sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулж, 90 хувийн саналаар дэмжлээ.
 
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ өдөр гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бөгөөд хүн хүч, техникийн хувьд боломж багатай Гадаадын иргэн, харьяатын газарт дээрх үүргийг шилжүүлснээр зөрчил дутагдал олноор гарсаар ирснийг дурдаж байлаа. Гэхдээ олон улсын жишигт хилийн шалган нэвтрүүлэх ажлыг ямар байгууллага хариуцан ажилладаг талаар гишүүд тодруулж байсан. Түүнчлэн хилийн бүсгүй болгож буй шалтгаан, улсын хилийг бүсчилэн хамгаалах гэсэн ойлголтын талаар тодруулж байлаа.
 
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн нар гишүүдийн асуултад хариулт өгөхдөө "Монгол Улсад хилийн 46 боомт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, 1 сая вагон зорчдог байна. Эдгээр хилийн боомтуудад шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахад Гадаадын иргэн, харьяатын албаны хүч хүрэлцдэггүйгээс олон зөрчил гарсан.
 
Тиймээс хил хамгаалах байгууллага дээрх үүргийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг боловсруулах явцад 30 гаруй улсын туршлагаас судалсан бөгөөд судалгаанд хамрагдсан улсуудын 15-16 нь хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагадаа хариуцуулжээ. 10 гаруй улсад хилийн цагдаа дээрх үүргийг гүйцэтгэдэг байна. Манай улсын хөрш ОХУ, БНХАУ-д хилийн шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага нь гүйцэтгэдэг" гэлээ.
 
Мөн "Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар  улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулахаар тусгасан" хэмээлээ.
 
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороодод шилжүүллээ. 
 
Мөн өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан.
 
Гэвч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөнө хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хууль санаачлагч орхигдуулсан хуулийн төслүүдээ өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Уг саналыг саналыг Хууль зүйн байнгын хороо дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хэлэлцэх асуудлын дарааллаас хассан юм.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг