sonin.mn
УИХ-ын Хууль Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан. Зөрчлийн тухай хууль нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах зорилготой юм. Энэ хуульд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг нэгтгэсэн. Гэвч Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан зэрэг дутагдалдалтай талууд байгаа тул шинэчилэн найруулсан хэмээн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулав.
 
Тухайлбал, Замын хөдөлгөөний нягтрал, ачаалал ихтэй, дэд бүтэц төдийлөн хөгжөөгүй манай улс орны нөхцөлд жолооч зөрчил гаргах магадлал дэлхийн жишгээс өндөр байдаг аж. Гэтэл зөрчил гаргасан эдтгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /240 мянган төгрөг/ эсхүл түүнийг 2-3, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгож байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр иргэдийн дундаж цалин 888 мянган төгрөг байна. Жолооч гаргасан зөрчил бүртээ нэр сарын цалингаа, эсхүл түүнээс их хэмжээний торгууль төлөх болж таарч байгаа юм. Тиймээс торгуулийн  нэгж 2000 төгрөг байсныг 1000 болгож бууруулсан гэлээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Зөрчлийн тухай хуульд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын 220 гаруй хуулиар тогтоосон зөрчлийг нэгтгэсэн. Нэгэнт нэгтгэчихсэн юм чинь нөгөө хуулиудаа хүчингүй болгох юм уу” хэмээн тодруулсан. Ажлын хэсгээс Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад салбарын хуулиудыг өөрчлөх, татах шаардлага байхгүй гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал бусдыг гүтгэн доромжлох, зохиогчийн эрхэд халдах зэрэг асуудлыг Зөрчлийн бус Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролсон гишүүдийн 76.9 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг