sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийлээ. 
 
Тус хуулийн төсөлд эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх асуудлыг тусгасан юм.  Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тусламжийг эмч мэргэжилтнүүд хариуцахаар, хамгаалалт-аюулгүй байдал-нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах юм.
 
Эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар хуульчилжээ. Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хэв журам сахиулах боломж бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж.
 
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрүүлжүүлэх байранд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн саналтай байгаагаа хэлсэн. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт эл асуултад, "Эрүүлжүүлэх байр нь төлбөр байна. Эрүүлжүүлэгдсэн этгээд төлбөрөө төлнө. Төлбөрийг нь буцааж эрүүлжүүлэх байранд ашиглана. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангана" гэсэн хариултыг өгч байв.
 
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн Т.Билэгт нарын 9 гишүүний санаачлан боловсруулсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх нь зөв юм гэж үзлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг