sonin.mn
Монгол брэнд буландаа Зүүн бүсийн үзэсгэлэн худалдааны үеэр "Шилдэг брэнд" -ээр шалгарсан Хэнтий аймгийн гуталчин, “Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан”, “Алтан гадас одон”-т Д.Батчулууныг урив.
 
-Таны хийсэн оёдолгүй гутал хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан. Гутал үйлдвэрлэлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу, бусадаас ялгарах онцлог нь юу байна. Та өөрөө гутлын загвараа гаргадаг уу?
 
- Өөрөө загварыг нь гаргасан. Манай оёдолгүй гутал хэд хэдэн удаа брэнд гутлаар шалгарсан. Гутлынхаа ард талд л нэг оёдолтой, татлага маягаар хийдэг гутал юм. Үүгээрээ их онцлогтой. Ер нь оёдол ихтэй гутал ханзарч урагдах нь амархан байдаг, нөгөө талаасаа оёдол нь их байвал нүдэнд муухай ч  харагддаг. Бусдаас ялгарах онцлог нь оёдолгүйдээ л байгаа юм. Хийц загварын хувьд бол шинэлэг болж чадсан гэж бодож байна. Хувцас гэдэг хүний хэрэглээ болохоос гадна тухайн хүнийг тодорхойлж байдаг. Тиймээс хэтэрхий ганган чамин байх хэрэггүй. Олон хээ угалз, чимэглэлүүдээр дүүрчихээр хэт гоёх гэж хичээсэн мэт харагддаг.
 
-Таныг Хэнтий аймгийн шилдэг гуталчин гэж ярихыг нэлээдгүй хүнээс сонссон. Гуталчин мэргэжлийг хэдийнээс эзэмшсэн бэ?
 
-Хүн өөрийн ажил мэргэжилдээ чин сэтгэлээ зориулдаг байх хэрэгтэй. Сэтгэлээ шингээж хийсэн бүтээл бүхэн хүмүүст гэрэл гэгээ, баяр хөөр өгдөг.  Энэ мэргэжлийг эзэмшээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Манай эхнэр Б.Пүрэвжав гэж хүн бий. Бид хоёр адилхан гуталчин мэргэжилтэй. Анх гэр бүл болсон цагаасаа гутлын үйлдвэрийн шавыг хамт тавьсан даа. Олон жил зовлон жаргалаа хуваалцаж байгаа ханьтайгаа амьдралд таарах саад бэрхшээлийг гуньж гутралгүй хамтдаа даван туулсаар "Мянган мөөжгий" гутлын үйлдвэрээ хөл дээр нь босгож чадсан. 
 
-Та тэгэхээр ганцаараа гутал урлаад зогсохгүй гэр бүлийнхнийгээ хүртэл өөрийн мэргэжилдээ татан оруулцсан юм байна. Хүүхдүүд тань гутал урладаг уу?
 
-Манайх гэдэг ам бүл тавуулаа.  Гэр бүлтэй болсон цагаасаа Хэнтий аймгийн төв Чингис хотод гал голомтоо бадраан аж төрж сууна. Гурван хүүхдийн маань ууган нь охин тэгээд хоёр хүүтэй. Хүүдүүд гутал урлачихна шүү. Ямар ч байсан урагдаж, цоорсныгоо янзлаад өмсчихнө. Багасаа хичээл сурлагынхаа хажуугаар аавынхаа ажилд тусалдаг байсан болохоор энэ тал дээр чамгүй мэдлэг хуримтлуулсан. Анх шөнө дөлөөр  нойргүй шахуу сууж гутлын улаа оёдог байхад хүүхдүүд минь дэргэд ирчихсэн хараад л суудаг байлаа.
 
Нэг удаа "Аав аа туслах уу" гэж байна. "Миний хүү чадах юм уу" гэсэн чинь их л баярласан шинжтэй "Чадалгүй яахав" гэсэн. Тэгээд л хэрхэн гутал уллахыг зааж өгч байсан даа. Гэхдээ хүүхдүүд маань гуталчны мэргэжлээр дагнаж суралцаагүй. Том охин Б.Мөнхмягмар маань ЭМШУИС төгссөн. Одоо ч мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурч байгаа. Дараагийн хүү Б.Мөнхбаатар МУИС-ГХСС-ийг “Түрэг судлаач” мэргэжлээр дүүргэсэн, магистар зэрэгтэй. Харин бага хүү маань МУБИС сургууль төгсч нутагтаа ирээд нягтлан бодогч мэргэжлээр ажиллаж байгаа.
 
-Гуталчны мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
 
-Өнөөдөр хүмүүс гоё ганган гутал дэлгүүрээс худалдаж аваад өмсөх нь их болсон. Гэхдээ хүн өөрийн өмсч дассан, хөлд эвтэйхэн гутлаа урагдаж ханзрахаар шуудхан хаяхыг  боддоггүй биз дээ. Засуулаад л  дахин өмсдөг. Хүмүүс хэзээ ч гутал өмсдөггүй болохгүй, хүнд хөлд эвтэйхэн гутал шиг хэрэгтэй зүйл үгүй. Тиймээс би энэ мэргэжилдээ их хайртай байдаг.
 
 
-Ер нь таны урласан гутал дэлгүүрт худалдаанд байна уу. Гутал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд хэр чанарын ялгаа байдаг вэ?
 
-Гутал хийх технологи гэж тусдаа бий. Харин хүмүүсийн хийц нь л өөр өөр байдаг. Гутал хийх монгол уламжлал ч гэж бий шүү дээ.Харин шинээр сурч байгаа хүмүүс тоонд нь илүү анхаараад чанарыг нь орхигдуулаад байх шиг.  Уг нь бол өөрсдийн хөдөлмөрөөр хоолоо олж идэхийг зорьж, гуталчнаар суралцаж байгаа залуу хүмүүсийг дэмжиж, зааж сургах нь зөв гэж боддог.
 
Гэтэл зарим нь хямдхан материалаар орлуулаад гутал хийчихдэг. Худалдан авагчид ч гэсэн өнгөнд нь хууртаад л авчихдаг. Харин гутлын чанар мэддэг худалдан авагч нар л үүнийг анзаардаг болов уу. Мөн гутлынхаа уланд жинхэнэ шир наахгүй хиймэл шир наачихна. Дараа нь нөгөөх нь юу юугүй элэгдэж цоороод дахин янзлуулахаас өөр аргагүйд хүрдэг. Гутлаа засуулах гэж ирсэн хүмүүс дунд “Шинэхэн гутал өмсөөд сар ч болохгүй ул нь цоорчихлоо” хэмээн ярих нь бишгүй л байдаг.  Миний хувьд олон жил гутал урласан болохоор хүнийг юухэн хээхнээр хуурахыг үздэггүй. Сэтгэлд сэвтэй шүү дээ.
 
-Одоогоор ямар ямар төрлийн гутал хийж байна вэ?
 
-Бүх л төрлийн гутал үйлдвэрлэхийг зорьж ажилладаг. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн учраас мэргэжилдээ эзэн нь байх хэрэгтэй. “Өө ийм гутал хийж чадахгүй, ёстой хийж үзээгүй юм байна” гээд үйлчлүүлэгчээ үүднээс буцаах муухай биз дээ. Хүүхдийн болон өндөр настан хүмүүст зориулсан хөлд хөнгөн цагаан ултай гутал хийдэг. 
 
 
Мөн гоёлын түрийтэй, түрийгүй гутал, монгол ээтэн гутал, ботинк, хүүхдийн үдээстэй гутал гээд бүгдийг л үйлдвэрлэж байна. Өвлийн гутлуудаас манай үйлдвэрлэдэг нохойн арьсан гутал маш их гүйлгээтэй байдаг. Түрийний арьсыг нь гадагш харуулж хийдэг учраас маш дулаахан. Зарим хүмүүс нохойн арьсыг гутлынхаа дотор талд хийлгэж өмсье ч гэдэг. Энэ бол буруу. Нохойн арьс өөрөө гадна талдаа байж дулаан байдаг. 
 
-Ээтэн гутал хийдэг гэлээ. Ер нь монгол гутал хийхэд хамгийн хэцүү  байдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ?
 
-Эсгээд, хээгээ оёод, уллагаагаа хийнэ гээд дамж­лага бүр нь ярвигтай, их ажиллагаа шаарддаг болохоор тэр л дээ. Захиалгаа авахдаа цаг хугацаагаа сайн тохирох хэрэгтэй. Болж өгвөл богинохон хугацаанд монгол гутлын захиалга аваад дэмий. Учир нь монгол гутлыг яарч оёж бо­лохгүй. Хаашдаа л хэн нэ­гэн өмсөх учраас эдэлгээг нь бодох хэрэгтэй. Яараад хол хол оёчихвол амархан урагддаг. 
 
-Үйлчлүүлэгчдийнхээ талаар ярихгүй юу. Танай үйлдвэрийн гутлын талаар хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Гэхдээ хааяа шүүмжлүүлэх үе байна биз?
 
-Тиймээ. Хүнд чинь олон зүйл тохиолдоно. Дандаа магтуулж, сайшаагдаад байна гэж байхгүй шүү дээ.  Гомдол гаргах хэрэглэгчид мэр сэр байдаг л юм. Гэхдээ ихэвчлэн өөрсдөө гутлаа хамаагүй эдэлж, хэрэглэчихээд "Аваад удаагүй байхад шил нь дорхноо суучихлаа, ул нь ханзарлаа" гэх мэт гомдоллодог. Өөрсдийн буруу хэрэглээнээс болж гарсан доголдлыг ойлгуулж хэлээд үнэ төлбөргүй засч янзлаад өгөхөөр “Баярлалаа” гээд инээмсэглэн гарч оддог. Дараа нь “Таниар шинэ гутал захиалж хийлгүүлэх гэсэн юм” гээд ороод ирнэ.
 
Хүмүүсийн халуун дулаан сэтгэлээс гарч буй "баярлалаа" гэх үг надад маш их урам өгдөг.  Мөнхүү бидэнд өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчид  бий. Тэдгээр үйлчлүүлэгчид маань олон жил биднийг дэмжин үргэлж хамт байдагт баярлаж явдагаа хэлэх нь зөв байх. Улаанбаатар, Сүхбаатар, Дорнод гээд олон газраас бидэнд итгэж найдан утсаар захиалгаа өгдөг хүмүүс бий.
 
- Танайх захиалгаа голчлон утсаар хийдэг юм уу, өөр хэлбэрээр авч байна уу?
 
-Тийм. Ихэвчлэн утсаар авдаг. Манайх бүсийн болон улсын хэмжээний үзэсгэлэн худалдаа, яармагт  аймгаа төлөөлж их оролцдог. Тиймээс хол газрын захиалгуудаа утсаар авдаг. “Монгол гутал “Мянган мөөжгий” ХХК” гэсэн фэйсбүүк хаягаар захиалга авдаг.
- Бүтээгдэхүүний үнэ өртөг их чухал. Ямар үнээр борлуулж байна вэ?
 
- Үнэ өртгийн хувьд зах зээлийн үнэ ханшийг харж тогтоосон. Бид аль болохоор хямд үнээр борлуулахыг хичээдэг. Өнөөдөр дэлхий нийтээр эдийн засгийн хямралд өртөж хүмүүсийн амьдрал ахуйд маш ихээр нөлөөлж байна. Бид гуал үйлдвэрлэхдээ маш сайн чанарын үнэ өндөртэй түүхий эд авч хийдэг болохоор бүр хямд зарах боломжгүй. Аль аль талаа бодож боломжийн үнээр борлуулахыг хичээж байна даа .
 
Манайхаас гарч байгаа гутлын хамгийн үнэтэй нь оёдолгүй гутал. Бас нохойн арьсан гутал байгаа. Үнэ нь 300.000-450.000-ын хооронд л байдаг. Энэ хоёр гутлыг хийхэд маш их ажиллагаа шаарддаг. Харин хүүхдийн мөөжгий гутал болон бусад бүтээгдэхүүнүүд боломжийн үнээр зах зээлд борлуулагддаг. Үйлдвэрээс гарсан бүх гутлын маань чанарт эргэлзэх зүйлгүй хэмээн хэлж чадна.
 
Б.Алтанхуяг
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг