sonin.mn
АНУ хүний эрхийг зөрчсөн хэмээн Оросын таван хүнд хориг тавьсан байна. Тэдний дотор ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин, Төрийн думын депутат Андрей  Луговой нар байгаа аж. Дээрх хоёр эрхмийг Их Британид Кремлийг шүүмжилж байсан Александр Литвиненког хордуулсан хэрэгт буруутгасан байна. 
 
Америкийн Сангийн яамнаас 2012 онд баталсан “Магнитскийн жагсаалт”-аар Вашингтон хуульч болон авлигатай тууштай тэмцэгч Сергей Магнитскийн үхэлтэй болон бусад гэмт хэрэгт холбоотой гэгддэг хүмүүст санхүүгийн хориг тавьж, виз өгөхөөс татгалздаг. Энэ удаа хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын таван хүнийг нэмж оруулсан байна. Дээрх хоёроос гадна Станислав Гордиевский, Дмитрий Ковтун, Геннадий Плаксин гэсэн нэрс жагсаалтад нэмэгджээ.
 
Энэ хориг арга хэмжээ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан гэх ОХУ-ын хакер ажиллагаатай холбоогүй, харин хүний эрхийн асуудлаарх Магнитскийн актад хамаарна гэдгийг албаны хүмүүс онцолсон байна.
 
Мөрдөн байцаах хорооны даргаас гадна мөрдөн байцаагч Ген­на­дий Плаксин, Станислав Гордиевский нарыг 2009 онд Оросын шоронд нас барсан хуульч Сергей Магнитскийн хэрэгт холбоотой гэж үзсэн байна. Андрей Луговой, Дмитрий Ковтун нарыг 2006 онд Лондонд алагдсан ОХУ-ын тагнуулч, Кремлийг шүүмжлэгч Александр Литвиненкогийн аллагад холбоотой гэж үзэж, хоригт оруулжээ.
 
“Магнитскийн жаг­саалт” гэгч нь 2012 онд бий болсон бөгөөд Оросын шоронд хоригдож, эрүү шүүлтийн улмаас нас барсан гэгддэг хуульч Сергей Магнитскийн нэрээр нэрлэгдсэн юм. “Магнитскийн жагсаалт”-д одоогоор 44 хүний нэрсийг оруулаад байна.
 
М.Хүслэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин