МОСКВА. /TASS/. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2.7 хувь, 2018 онд 2.9 хувьтай байна гэж Дэлхийн банк таамаглажээ.
 
“Дэлхийн худалдаа зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт буурсан, бодлого тодорхойгүй байгаагийн улмаас эдийн засгийн өсөлтийн хувь доогуур байх төлөвтэй байна. Гэвч түүхий эд импортлогч орнуудын дотоодын эрэлт сайжирч, харин түүхий эд экспортлогч орнуудын үйл ажиллагаанд учирч байсан саад арилсны дүнд хөгжиж буй болон хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд нэмэгдэх төлөвтэй байна” гэж Дэлхийн банк Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тайландаа дурдав.
 
Мөн тайланд “хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын бодлогын тодорхойгүй байдал, санхүүгийн зах зээл дэх эмх замбараагүй байдал зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, боломжит өсөлтийг хойш татаж байна. Үүний зэрэгцээ АНУ зэрэг томоохон орнуудын санхүүгийн дэмжлэгийн болон өсөлтийг дэмжих бодлого нь дорвитой үр дүнд хүргэж магадгүй учир дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломжтой" гэжээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг