sonin.mn
Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын Бага хурлын гишүүн, “Ситинет” компанийн гүйцэтгэх захирал П.Улаанхүүтэй ярилцлаа.
 
-Одоогоос 25 жилийн өмнө анхны Үндсэн хуу­лийг та журмын нөхдийн хамт батлалцаж байжээ. Энэ түүхэн үйл явдлын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
 
-Тухайн үед сум бүрээс нэг хүний төлөөлөгчөөс бүрдсэн 430 депутат шинэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэн баталж байсан түүхтэй. Ардчилсан хувьсгал 1990 онд гарсны дараах Монголын өөрчлөлт шинэчлэлтийг бүх улс төрийн хүчнүүд тохиролцсон нэг үр дүн бол шинэ Үндсэн хууль байв. Өнөөдрийн бидний нийгмийн амьдралыг зохицуулж буй гол зүйл бол Үндсэн хууль. Үүнийг батлалцахад олон улс төрийн хүчний зөвшилцөл хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
 
-Бага хурлын гишүүд Үндсэн хуулийн эхийг боловсруулж, түүнийгээ тайлбарлахын тулд 76 хоног ажилласан гэж хэллээ. Тухайн үед хуулийг ойлгуулах нь хэр хүндрэлтэй байв?
 
-Хэцүү үе их байсан. Бид АИХ-ын танхимд үг хэлж, хуулиа тайлбарладаг байлаа. Тэгэхэд биднийг шоолж инээхээс эхлээд үг хэлж байхад хажуу талаас цохиж “суу” гэж хэлэх тохиолдол ч гарч байсан. Хэдийгээр тоглоом шоглоомоор ийм үйлдэл гаргадаг байсан ч, нэг талаараа тэр чинь дарамт шүү дээ. Хуулийн зүйл заалтаа тайлбарлаж, ерөнхийдөө танин мэдэхүйн мэдээлэл их өгч байсан шүү. Үндсэн хуулийн зарим зүйл заалт буцаж, түүнийгээ дэмжүүлэхийн тулд дахин дахин тайлбарлаж, батлуулж байсан нь ч бий.
 
-Та яагаад Ардчилсан со­циа­лист хөдөлгөөнийг бай­гуулалцах болсон юм бэ?
 
-Тухайн үеийн нийгмийн байдалд сэтгэл дундуур байсантай холбоотой. Анх МоАХ байгуулагдаж байлаа. Ардчилсан холбоо бол нийгмийн системд засвар хийж, сайжруулна гэж гарч ирсэн. Харин Ардчилсан социалист хөдөлгөөний хувьд системийг үндсээр нь өөрчлөх тухай ярьж байсан. Үүний тулд их, дээд сургуулийн багш нар нэгдэж, 1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан юм. Хүмүүс их асуудаг юм. Та нар яагаад МоАХ-той нэгдээгүй юм бэ гэж. Бидний ярьж, хийх гэж байсан ажил өөр учраас Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулж байлаа. 
 
-Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн системийг үндсээр нь өөрчлөх тухай яриад эхлэх үед нийгэм, төр барьж байсан хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
 
-Манай хөдөлгөөний араас удалгүй Шинэ дэвшилтэд хөдөлгөөн, Оюутны холбоо шинэ зохион байгуулалтад орж, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн л дээ. Тэр цагаас л сөрөг хүчин бүрэлдэж эхэлсэн гэж ойлгож болно. Бид хамтдаа Ардын их хурлыг тараагаад түр хурлыг байгуулъя гэдэг санаачилгыг гаргаж байсан. Энэ нь явсаар Улсын Бага хурал байгуулах хэмжээнд хүрсэн юм.
 
Бага хурлын гишүүд Үндсэн хуулийн эхийг боловсруулаад Ардын их хурлын төлөөлөгчид баталсан юм шүү дээ. Ингэхдээ Бага хурлын гишүүдийн боловсруулсан эхийг Ардын их хурлын төлөөлөгчид бараг өөрчлөлт хийлгүй баталсан байдаг юм. Хэд хэдэн өөрчлөлт хийснээс нь дурдвал Их засаг хууль байсныг Үндсэн хууль болгон өөрчилсөн. 430 депутатын 270 нь аймаг, сумдын нэгдлийн дарга байсан учир “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг Үндсэн хуульд тусгаж өгч байлаа. “Монгол Улс нийслэлтэй байна” гэж Үндсэн хуульд оруулж байсан ч тухайн үед Бага хурлын гишүүдийг Улаанбаатар гэдэг үгийг авч хаялаа гээд “Монгол Улс нийслэлтэй байна. Нийслэл нь Улаанбаатар байна” гэж эх хуульд оруулж өгсөн. Энэ нь эргээд хүндрэл учруулж мэдэхээр байдалд хүргэж байгаа юм. Нийслэлийн нэрийг өөрчлөх, аль эсвэл нийслэлээ шилжүүлэх болвол заавал Үндсэн хуульд өөрчлөлт  оруулахаар байдалд хүргэчихсэн.
 
-Улсын Бага хурлыг та хаяж гарч байсан удаатай. Манай парламентын түүхэнд анхны хурал хаясан тохиолдол энэ байсан байх?
 
-1990 онд Улсын Бага хурлыг хаяж гарч байсан. Энэ их утга учиртай зүйл. Бага хурлаар хамгийн анх Хөдөлмөрийн хуулийг хэлэлцсэн юм. Энэ хуульд тэмдэглэлт баярын өдрүүдийн асуудал багтсан байв. Бага хурлаар арваннэгдүгээр сарын 7-нд Октъябрийн баярыг тэмдэглэх тухай яригдахад би “Энэ баярыг тэмдэглэхгүй ээ, хүний баяр. Бид өөрсдийн баяраа тэмдэглэх хэрэгтэй. Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв. Тухайн үед тэмцэж эсэргүүцэж байж арваннэгдүгээр сарын 26-ныг тэмдэглэлт өдөр болгож байхад сүүлд болиулсаныг их эмзэгээр хүлээж авсан шүү. Өөрсдөө оруулчихаад эцэст нь болиулж болохгүй л дээ.         
 
-Хурал хаяхад Бага хурлын гишүүд хэр хүлээж авсан бэ?
 
-Мэдээж маш их гайхаж хүлээж авсан. Бид чинь 20-уулаа хурлаа хаяж байсан. Үүнийхээ дүнд арваннэгдүгээр сарын 26-ныг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Тэр үед бид хэвлэлээр ажлаа хийдэггүй гэж их шүүмжлүүлж байлаа. Одоогийн их хурлын гишүүн Ө.Энхтүвшин тэр үед “Ардын эрх” сонины сэтгүүлч байсан. Би ч Бага хурал дээр их үг хэлдэг байлаа. Ө.Энхтүвшин ч намайг маш их бичдэг байсан даа. Баабар бүр “Улаанхүү судлал” гэсэн нийтлэл хүртэл бичиж байсан /инээв/. Сүүлд Ө.Энхтүвшинтэй Сингапурт ажлаар явж байхад намайг их бичиж байсан дурсамжаа хуваалцаж л явлаа.
 
-Тэр үед парламент хоёр танхимтай байсан. Харин одоо бол 76 гишүүнтэй нэг парламент үйл ажиллагаа явуулж байна. Таныхаар аль нь манай улсад тохирох парламентын тогтолцоо вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр залуучууд АИХ байгуулах ёстой гэж ярьж эхлэх боллоо?
 
-Миний бодлоор нэг танхимтай байсан нь зөв. Хоёр танхим чинь холбооны улсын систем л дээ. Залуучууд одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун биш байгаа учраас хоёр танхимтай байх ёстой  гэж бодоод байхгүй юу. Тэдний ярьж байгаа шиг хоёр танхимтай болчихвол бие биенийхээ ажлыг хийлгэхгүй шүү дээ. Монголчууд эрх мэдэлд дуртай ард түмэн. Бүгд л эрх мэдэл авах гээд үзчихнэ. Нэг танхим нь өнөөдөр учраа олж чадахгүй байхад хоёр танхимтай болгож яах нь вэ. Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг маш тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл дараагийн хуулиуд нь үүнийгээ дагаж хэрэгжихгүй байгаа учраас асуудал үүсээд байгаа юм.
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэдэн парламент дамнан ярьж байна. Ардын нам олонх болсон энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тохироо бүрдлээ гэх нь ч бий. Эх хуулийг боловсруулж батлалцсан хүний хувьд хуульд өөрчлөлт оруулах асуудлыг та юу гэж бодож байна вэ?
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Ийм тэнцвэргүй нөхцөлд одоогийн 76 гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулвал өөрсдийн эрх ашигт нийцүүлж л өөрчилнө. Олон намын төлөөлөл санал солилцож, зөвшилцсөний эцэст эх хуульд өөрчлөлт оруулах болохоос биш нэг нам давамгай байх энэ үед хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж хэлээд байгаа юм. Монголын нийгэм авлигад идэгдсэн муухай болчихсон. Ийм үед Үндсэн хуулиар огт тоглож болохгүй. Өөртөө тааруулаад Сонгуулийн хууль хийдэг шиг одоо Ерөнхийлөгчийн хуулийг хийх гээд л явж байна.  
 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр тогтолцоогоо сайжруулах боломж бий гэж үү?
 
-Байлгүй яахав. Үндсэн хууль хэнд гай болсон юм. Энэ бол ерөнхий хууль. Төрийг бүрдүүлж байгаа гол элемент чинь өөрөө нам юм. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, тогтолцоог нь сайжруулах шаардлагатай. Үндсэн хуульд гар хүрэхээс илүү Улс төрийн намуудын тухай хуулиа сайжруулах ёстой гэх гээд байна. Би нэг жишээ хэлье. Японы Үндсэн хуулийг америкууд бичсэн байдаг юм. Ингэхдээ Сонгуулийн хуулийг нь орхигдуулчихсан. Тэгсэн дайны дараа Японд аллага, гэмт хэрэг, ядуурал, ажилгүйдэл гээд нийгмийн сөрөг үзэгдэл их гарсан. Ийм байдалд Социалист намууд нь сонгуульд гарах магадлалтай болсон л доо.
 
Тэгэхээр нь япончууд Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, Лебираль ардчилсан нам засгийн эрхийг 40 гаруй жил барьсан юм. Эндээс бүх зүйл Үндсэн хуульдаа бус Сонгуулийн хуульд байдаг юм гэдгийг харж болно. Гэтэл манай улс яасан. Сонгууль бүрийн өмнө өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж өөрчилсөөр байна. Мөн намууд нь нам шиг байхаа больж, фракци бүлэглэл болоод хуваагдчихсан. Тиймээс л би Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж яриад байгаа юм.  
 
-Тухайн үед Улсын Бага хурал ямар зарчмаар ажиллаж байв. Одоогийн парламенттай та харьцуулж хардаг уу?
 
-Бид чинь шөнө гурван цагт ажлаа дуусгаад гэр рүүгээ харьдаг байлаа шүү дээ. Өөрсдөө хуулиа боловсруулна, сууна, батална. Бага хурлын гишүүд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд уулзалдаж, хуучнаа ярьдаг юм. Өөрсдийгөө сайн ажиллаж байсныг магтаж ярьдаг юм л даа. Тухайн үед алдах зүйл байгаагүй, сонирхлын зөрчил ч байгаагүй. Үзэл санаа, хүсэл тэмүүллээрээ ажилладаг байсан.
 
Бид маш их хөдөлмөрлөсөн. Харин одоогийн парламент бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хуулийг баталж байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, Лоббизмын хуулийг батлах хэрэгтэй. Хуулийг лобби бүлгүүд ил тодоор ярьж, парламентчидтай уулзаж, хуулиа зүтгүүлэх талаар ярилц­даг байдал руу орвол ашиг сонирхол үгүй болно. Одоо бол хэн нэг мөнгөтэй бизнес эрхлэгч парламентчдыг худалдаж аваад хуулиа батлуулаад байна. Энэ байдлыг өөр­чилмөөр байгаа юм. Тэгвэл зөв тогтолцоо руу орно.
 
-Та бүхний бий болгох гэж тэмцэж зорьсон ард­чи­лал өнөөдөр жинхэнэ утгаа­раа биеллээ олж чадсан уу?
 
-Биеллээ олчихоод явж байна. Гэхдээ үүнийг хоёр талтайгаар ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт хүмүүст оюун санааны эрх чөлөөг олголоо, хувийн өмчтэй боллоо. Бид үүнийг л хүссэн. Энэ нь биелэлээ олсон. Харин сэтгэл дундуур байгаа зүйл бас бий. Одоогийн төр засгийн байгаа байдал, иргэдийн амьдралын нөхцлөөс харахад шүүмжлэх асуудал олон бий. Магадгүй энэ нь хөгжлийн явц байж ч мэдэх юм. Заавал туулах ёстой зам байхыг үгүйсгэхгүй. Ер нь ихэнх ардчилагчид сэтгэл дундуур байгаагаа өөр хоорондоо ярьдаг юм.
 
 
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин