sonin.mn
Филиппины эрх баригчид амьдралын түвшин дорой, худалдан авах чадваргүй зургаан сая гаруй эмэгтэйд жирэмс­лэлтээс хамгаалах арга хэрэг­сэл, бэлгэвчийг үнэ­гүй олгож байхаар шийд­вэрлэжээ.
 
Ерөн­хий­­лөгч Родриго Дутерте ийм арга замаар ядуу давхаргын дундах хүсээ­гүй жирэмслэлтийг багас­гаж чадна хэмээн үзэж байна. Улс оронд ихээ­хэн нэр, нөлөөтэй Ромын католик сүмийн зүгээс Ерөнхийлөгчийн шийд­вэрийг хүчтэй эсэр­гүүцэх төлөвтэй бай­на. Дутертегийн өм­нөх төрийн тэргүүн төрөл­тийг хязгаарлахын тулд эмнэлгийн байгуул­лагуу­дад жирэмслэлтээс хам­гаалах эм, бэлдмэлийг үнэ­гүй олгох хуулийг бат­луулах гэж олон жилийн турш тэмцсэн билээ. Гэвч энэ хууль батлагдаад хоёр жил болсон ч гэр бүл төвөвлөлтийн тал дээр мөнгөгүй, боломжгүй эмэгтэйчүүдийн тоо зургаан саяд хүрчээ. Тэдний хоёр сая нь ядуурлын хамгийн доод түвшин буюу ямар ч орлогогүй амьдардаг хүмүүс хэмээн эрх баригчид мэдээлэв. Шинэ Ерөнхийлөгч Родриго Дутертегийн зори­мог шийдвэр эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой ч дэмжиж буй ир­гэд, байгууллагууд их байна.
 
Ерөнхийлөгч Засгийн газрын яам, агентлагуудад хандаж төрөлтөө хязгаарлаж чадахгүй байгаа, арга хэрэгсэл нь дутагдаж байгаа хосуудыг олж гаргаж ирэхийг шаарджээ. Тэр тусмаа хөдөө тосгодод төрөлтийг хязгаарлахын тулд ийм ажил хийх зайлшгүй шаардлагатай болоод байгаа аж. Филиппин дахь ядууралтай тэмцэхэд өөр аргагүй болоод байгааг тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Эрнесто Перниа хэллээ. Тус улс 2022 он гэхэд ядуурлын түвшинг 13 хувь хүртэл бууруулах зорилт тавьжээ. Өнгөрсөн онд 21.6 хувьтай байсан аж.
 
Бэлгэвч болон жирэмс­лэлтээс хамгаалах хэрэгслийг үнэгүй та­раах нь амьдралыг, эмэг­тэйчүүдийг, хүүхдүүдийг, эдийн засгийн хөгжлийг дэмжиж буй хэрэг хэмээн сайд мэдэгдэв. НҮБ-ын тооцоогоор, сүүлийн 20 жилд өсвөр насны охидын жирэмслэлт эрс өссөн Ази-Номхон далайн цорын ганц орон нь Филиппин ажээ. Тус улс 103 сая хүн амтай юм.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин