sonin.mn
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимидийн нэрэмжит шагналын энэ жилийн эзнээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан тодорлоо.
 
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн агсны гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх, нөгөөтэйгүүр судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор хууль, эрх зүйн салбарын эрдэмтэн судлаачдад энэхүү шагналыг гардуулдаг уламжлалтай.
 
Доктор, профессор Д.Баярсайхан нь “Эрх зүйн онол” бүтээлээрээ уг шагналыг хүртсэн байна. Энэ жилийн хувьд нийт таван бүтээл УИХ-ын Тамгын газарт ирснээс түүний бүтээл шалгарчээ.
 
Үндсэн хуулиа баталсаны 25 жилийн түүхт ойн эл өдөр УИХ-ын дарга М.Энхболд түүнийг шагналыг Төрийн ордонд гардуулж баяр хүргэлээ.  Үүний дараа доктор, профессор Д.Баярсайхан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, "Би Б.Чимид багштайгаа 1982 оноос хойш олон судалгаанд дээр хамтран ажиллаж байсан. 1998 онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн минь удирдагч багшаар ажиллаж байлаа. Б.Чимид багш маань Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны шинэ үеийн онол, арга зүйг үндэслэгч юм.
 
Миний бие 1992 онд Хууль зүйн сургуульд Эрх зүйн оронлын багшаар ажиллаж эхэлж байсан бөгөөд одоогоос 20-иод жилийн өмнө анхны бүтээлээ туурвиж байсныг энд дурсахад таатай байна. Цаашид хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно” гэлээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг