sonin.mn
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ) үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох зорилго тавин ажиллаж байна.
 
Энэ хүрээнд тус байгууллага өнөөдөр “Үндэсний Дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү, “Үндэсний дата төв”-ийн захирал Б.Батжаргал нар гарын үсэг зурлаа.
 
Санамж бичгийн хүрээнд талууд архивын лавлагааны мэдүүлгийг цахим хуудсаар хүлээн авч, хариу илгээх, ОӨУБЕГ–ын цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг нэвтрүүлэх, хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системийг боловсруулах, Дипломат төлөөлөгчийн газар болон ОӨУБЕГ-ын алслагдсан нэгж болох сум, хороодоос мэдээлэл хүлээн авах системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах аж.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг