sonin.mn
Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны гүйцэтгэх хорооны хурал энэ сарын 14-ний өдөр болж МХБХ-ны ээлжит VI их хурлыг 2017 оны гуравдугаар сарын 17-нд буюу маргааш хийхээр товложээ.
 
Тус хуралд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, гүйцэтгэх хорооны гишүүд болох Б.Батзаяа, Б.Батсайхан, М.Болд, Б.Болдбаатар, Д.Даваасамбуу, Б.Гансүх, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар оролцсон байна.
 
Энэ удаагийн хурлаар МХБХ-ны Эрх зүйн байгууллагууд болох Сахилгын хороо, Ёс зүйн хорооны дүрмүүдийг тус тус хэлэлцэн баталлаа. Улмаар Азийн хөлбөмбөгийн холбооны Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны дүрмийн жишигт нийцсэн дүрэмтэй болж байгаа юм.
 
Уг хурлаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Германы мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг ажиллуулахаар болов. Тэрбээр манай нас насны шигшээ багт тулгамдсан асуудлыг шийдэхээр дасгалжуулагчийн боловсролд анхаарах юм. Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro) дасгалжуулагч бөгөөд өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 ) улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын (Rwanda - FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагч (Японы “J league”, Румын улсын нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай. Дасгалжуулагчийн хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127-д хүргэж чаджээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг