sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
 
Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд хорт хавдар, гадны шалтгаант осол гэмтэл эзэлж байна. Мөн жилээс төрөлтийн хүндрэл өсч, олдмол болон төрөлхийн цусны өвчлөл нэмэгдэж байгаа юм. Иймд донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
 
Хуулийн төсөлд хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөц хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэллээ.
 
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хөгжиж 2006 оноос хойш эдүгээг хүртэл 128 иргэнд бөөр шилжүүлэн суулгажээ. Мөн 29 иргэнд элэг, хоёр хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгасан байна. Эрхтэн шилжүүлэн суулгахад ойролцоогоор 15-85 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг ЭМЯ-наас танилцуулав.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Эд эрхтэн шилжүүлэн суулгахдаа тухайн хүнээс заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Тэгвэл нас барсан хүний эд эрхтнийг донороор ашиглах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ” хэмээн асуув. Тухайн иргэний нас барахаас нь өмнө өөрөөс нь зөвшөөрөл авсан байх, эсхүл нас барсных нь дараа гэр бүлээс нь зөвшөөрөл авч донор болгоно хэмээн ажлын хэсгээс хариулсан.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрдэнэт хүний хүний ам насыг аварч байгаа доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг