sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. 2010 онд “Wikileaks” цахим хуудаст нууц мэдээлэл өгсөн Челси Мэннингийн ялыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөнгөлжээ.
 
АНУ-ын армийн албан хаагч байсан, 29 настай трансжендер Челси Мэннинг /жинхэнэ нэр нь Брэдли Мэннинг/ 2045 онд суллагдах ёстой байсан боловч Б.Обама түүнийг ялыг хөнгөрүүлэн энэ оны тавдугаар сард суллах шийдвэр гаргажээ.
 
Нууц мэдээллийг дэлгэдэг “Wikileaks” цахим хуудаст дипломат нууц мэдээллийг илгээж байсан Челсид 2013 онд 35 жилийн хорих ял оноож байсан юм.
Тэрбээр цэргийн шоронд өнгөрсөн онд хоёр ч удаа амиа хорлохыг завджээ. Мөн өнгөрсөн онд тэрбээр өлсгөлөн зарлаж байв. Түүнд сэтгэл заслын эмчилгээ хийснээр тэрбээр өлсгөлөнгөө зогсоож байсан юм.
 
Нөгөөдөр халаагаа өгөх гэж буй Б.Обама 209 хүний ялыг хөнгөлж, 64 хүнд өршөөл үзүүлжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг