sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил-Наду мужид бухтай тулалдахыг хориглосныг эсэргүүцэн олон мянган хүн жагсаал хийжээ. 
Тус мужийн төв Ченнай хотод мягмар гарагийн орой болсон жагсаалд наад зах нь 4000 хүн оролцсон байна.
 
“Жаликатту” буюу бухтай тулалдах тэмцээнийг тус мужийн оршин суугчид хэдэн зууны тэртээгээс зохион байгуулсаар иржээ. Сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагчид гомдол мэдүүлэх болсноор 2014 онд бухтай тулалдахыг тус улсын Дээд шүүх хориглож, 2016 оноос уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Бухтай тулалдах тэмцээн бол манай мужийн “таних тэмдэг” гэж жагсагчид ярьж байлаа.
 
2000 гаруй жилийн түүхтэй бухтай тулалдах тэмцээн нь хамгийн эртний спортын төрлүүдийн тоонд багтдаг юм.
Сүүлийн жилүүдэд ийм тэмцээний үеэр олон хүн буханд сэжүүлж, мөргүүлэн амиа алджээ. Мөн олон зуун хүн, тэдний дотор үзэгчид энэ тэмцээний үеэр бэртэж гэмтсээр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг