sonin.mn
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ.
 
Уг ойн хүрээнд өнөөдөр "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал СЕХ-ны байранд болов. Энэхүү бага хурал хоёр орны түүхэн ойн жилд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Нөгөөтэйгүүр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп энэ сарын 20-нд тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээж авахтай ойр цаг хугацаанд болж өнгөрөв. Тиймээс залуу судлаачид АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүллээ.
 
 
УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, гадаад харилцаа өргөжин хөгжих, батлан хамгаалахын салбарыг шинэ түвшинд гаргахад АНУ нь чухал үүрэг гүйцэтгэсэн. Иймд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүй юм. Мөн судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх нь Монгол-Америкийн харилцаанд ихээхэн түлхэц болно. Тиймээс өнөөдөр залуу судлаачдын илтгэлийг сонсож, тэдэнд ахмад дипломатчид үнэлэлт дүгнэлт өгч байна. Ингэснээр залуу судлаачид ахмадуудынхаа зөвлөгөө сургаалийг ажил хэрэг болгох, судалгааны арга зүйд суралцах, бие биенээсээ туршлага судлах, цаашид хамтран ажиллах бололцоо нээгдэж байгаагийн зэрэгцээ Монгол-Америк хоёр орны хоорондын харилцааны асуудлаарх судалгааны бааз суурь тэлж байна" гэлээ.
 
 
Судлаачдын илтгэлээс үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Иймд Д.Трамп Ерөнхийлөгчийн ажлаа авснаар олон жилийн хугацаанд тогтсон гадаад бодлогод өөрчлөлт орохгүй. Хэрэв Монголд тавих анхаарлаа сулруулвал гуравдагч хөршийн бодлого явуулдаг манай улс гадаад бодлогынхоо агуулга хэлбэрт эргэж харах шаардлага үүсэх магадлал бий. Түүнчлэн Д.Трамп хууль бусаар оршин сууж буй гадны иргэдийг эх орноосоо гаргана гэсэн болохоос бүх гадаад улсын иргэдийг хилээрээ гаргана гээгүй. Тиймээс манай улсаас Америкт ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдэд нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн хоорондын бат бэх харилцаа хөндөгдөхгүй гэсэн байр суурь илэрхийлж байв.
 
Эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол-Америкийн нийгэмлэг, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Улаанбаатар бодлогын судалгааны төв хамтран зохион байгууллаа.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг