sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Херберт Уокер Буш буюу эцэг Буш гэргий Барбара Бушийн хамт Техас муж улсын Хьюстон хотын эмнэлэгт хэвтжээ.
 
Бушийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “хатгаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчний улмаас” АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч  өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт эмнэлэгт хэвтсэн байна.
Өдгөө 92 настай Ерөнхийлөгч асанд “амьсгалын замыг нь цэвэрлэж, хамгаалах” хагалгааг эмч нар хийж, дараа нь эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ.
Харин 91 настай тэргүүн хатагтай асан Барбара ядарч, ханиалгах болсноор өчигдөр эмнэлэгт хэвтсэн байна.
 
АНУ-ын амьд сэрүүн байгаа хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болох эцэг Бушийн бие тэнхэрч байгаа бөгөөд удахгүй эмнэлгээс гарах бололтой.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампт хандан тэрбээр нэгдүгээр сарын 10-нд бичсэн захидалдаа “хадан гэр рүүгээ явахыг хүсээгүй л бол нэгдүгээр сард гадаа сууж болохгүй гэж эмч нар надад хэлсэн. Барбарагийн хувьд ч адилхан. Бид Техаст байх болов уу. Гэхдээ бид тантай болон ард түмэнтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байх болно” гэжээ. Д.Трамп маргааш тангараг өргөх юм.
 
1989-1993 онд АНУ-ыг удирдаж байсан Буш унаж бэртэн, хүзүүний ясаа хугалсны улмаас 2015 онд Мэн муж улсын эмнэлэгт нэг долоо хоног хэвтэж байжээ.Тэрбээр мөн Паркинсоны өвчтэй бөгөөд тэргэнцэр дээр суудаг.
 
Түүний хүү болох Жорж Уокер Буш 2000 онд АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч болсон бөгөөд дараа нь улиран сонгогдож байв.
Эцэг Буш 1924 оны зургадугаар сарын 12-нд Массачусетс муж улсад мэндэлсэн бөгөөд Конгрессын гишүүн, Тагнуулын төв газрын захирал болон Рональд Рейганы засаг захиргааны үед дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг