sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн  Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
 
Хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг бичиг баримт шалгах, үзлэг хийх, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, бусдын орон байранд нэвтрэн орох зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэх үндэслэл, журмыг тодорхойлон, цагдаагийн алба хаагч эдгээр ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэдэг байхаар тусгажээ.
 
Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Галт зэвсэг хэрэглэнэ тухайд сайн нягтлаарай. Хүний гар утсыг хураана гэж байна. Гар утас бол тухайн хүний өмч. Тиймээс цагдаа хүний өмчид халдаж болох уу. Өмнө нь цагдаа иргэний бичиг баримтыг шалгахдаа өөрөө түрүүлж, баримт бичгээ үзүүлдэг заалт хэвээрээ юу. Сэжигтэй бол 6 цаг иргэнийг саатуулах нь. Энэ хэр зөв зүйтэй асуудал вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт эл асуултад, "Цагдаа иргэний баримт бичгийг шалгахдаа өөрөө цол нэрээ хэлж, бичиг баримтаа үзүүлдэг заалт хуулинд хэвээр байгаа. Хойшлуулшгүй ажиллагааны үед иргэнийг 6 цаг саатуулж, нэгжлэг хийхээр хуульчилсан" гэсэн тайлбарыг хийв. 
 
Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь энэхүү шинэчилсэн найруулга нь цагдаагийн ажилтны үүргээ гүйцэтгэх баталгаа хангасан хууль болжээ гэцгээж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг