Н.Энхтайван:  "Эрдэнэт үйлдвэр"ийг IPO гаргах замаар нээлттэй компани болгох нь Монгол Улсад ашигтайУИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайвантай ярилцлаа.
 
-Өнгөрсөн намрын чуулганаас гаргасан шийдвэрүүдээс хамгийн дуулиантай нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол байлаа. Ерөнхийлөгч тэргүүтэй улстөрчдийн зүгээс энэхүү УИХ-ын тогтоолыг хувийн өмчийг нийгэмчиллээ хэмээн эсэргүүцэж байгаа.   УИХ-аас ийм тогтоол гаргах шаардлага юу байсан бэ?
 
-Монгол Улсын хууль тогтоох хамгийн дээд байгууллага бол УИХ. УИХ хууль зөрчсөн эрх зүйн баримт бичиг гаргах ёсгүй. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах үйл явц  хуулийн хүрээнд өрнөсөн гэдгийг олон нийт харсан. УИХ болон Засгийн газар, холбогдох байгууллагуудын төвшинд хэд хэдэн Ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Мөн манай бүлгээс Ажлын хэсэг гаргасан. Бүх шатны Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн УИХ шийдвэрт хүрсэн. Ажлын хэсгүүдийн дүгнэлтээс харахад, Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй олон хуулийг зөрчсөн байгаа.
 
Тухайлбал, Үндсэн хуулиар олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах онцгой эрхийг УИХ-д олгосон байдаг. Өмнөх Засгийн газар энэ заалтыг хэрэгжүүлээгүй. Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац”-д худалдах асуудлыг УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх байсан юм. Үүнээс гадна, Банкны тухай, Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газар хоорондын хэлэлцээр гэх мэт олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь шалгалтын дүнгээр тодорхой болсон.
 
-Сөрөг хүчний зарим гишүүний зүгээс хууль зөрчсөн эсэхийг нь шүүх тогтоогүй байхад УИХ яаран тогтоол гаргалаа гэх мэдэгдэл хийсэн. Мөн УИХ, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хязгаарлалаа зэрэг шүүмжлэл өрнөх боллоо. Үүнд, ямар тайлбар хэлэх вэ?
 
-Яарсан шийдвэр огт биш. Энэ асуудал сонгуулийн үр дүн гарснаас хойш найман сарын хугацаанд өрнөлөө. Ингэх нь улсын эрх ашигт бүрэн нийцнэ гэж үзсэн учраас бүлгийн шийдвэр гарсан. Улмаар УИХ эцэслэн баталсан. Аливаа аж ахуйн нэгж хуулийн хүрээнд эрх тэгш үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг зарчмыг үндэслэж энэ шийдвэрийг гаргасан байгаа.
 
-УИХ-аас гаргасан тогтоолд, Монголбанк болон Хөгжлийн банкнаас “Худалдаа хөгжлийн банк”-нд хөрөнгөнд суутган тооцох хэлцэл хийх замаар төрийн өмчид эргүүлэн авахаар  тусгасан.
 
Гэтэл Засгийн газар болон Монголбанкны “Худалдаа хөгжлийн банк”-нд үүнээс их өглөгтэй гэсэн. Тэгэхээр дээрх заалт хэрэгжих боломжтой юу? ОХУ-ын мэдэлд байсан өмчийг дотоодын компани худалдан авсныхаа төлөө буруутлаа гэж “Монголын зэс корпорац”-ын төлөөллүүд мэдэгдэж байгаа л даа.
-Өөр улсын мэдэлд байсан өмчийг Монголын компани авсныг буруутгасан асуудал байхгүй. Нэг ч улс төрийн хүчин, хувь гишүүнийг зүгээс ийм байр суурь илэрхийлээгүй. Гол нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан санхүүгийн эх үүсвэр хаанаас бий болов гэдэг дээр асуудал яригдаж байгаа юм. Үүнийг шалгахад, олон зөрчил илэрсэн. Монголбанк  бол арилжааны банк биш бодлогын байгууллага.
 
Аль нэг компанид мөнгө зээлүүлдэг банк бүр ч биш. Гэтэл Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпорац”-д өндөр дүнтэй мөнгө зээлүүлсэн байгаа. Дээр нь “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн цемент болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт барааны урьдчилгаа хэлбэрээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн,  компани хоорондын шилжүүлгийг хууль бус арга хэлбэрээр хийсэн болох нь шалгалтаар ил болсон. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк нийт хөрөнгийнхөө 20-иос дээшгүй хувиар зээлийн үйлчилгээ үзүүлэх ёстой.  
 
Гэвч хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хууль зөрчиж, хөрөнгийн эх үүсвэр болгож гаргасан зэрэг асуудлууд бий. “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмент” компанийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын гуравт, Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд шилжсэн мөнгөн хөрөнгийг суутгах, түүний хүү ашгийг тооцох, векселийн эх үүсвэрийг ашиглах хэлбэрээр эргүүлэн авахыг хэлцлийн замаар шийдэхийг заасан байгаа.
 
-Шалгалтын Ажлын дэд хэсгийн дүгнэлтээр Монголбанкнаас гаргасан гүйлгээг хууль зөрчөөгүй гэх дүгнэлт гаргасан талаар нэр бүхий УИХ-ын гишүүн  мэдээлсэн. Түүнчлэн Монголбанк арилжааны банкуудад мөнгө байршуулж ирсэн. Тэр бүрийг хууль зөрчсөн гэж үзэх нь өрөөсгөл гэх мэт маргаан гарч байна л даа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд ялгаж үзсэн зүйл байгаа юу?
 
-Зөвхөн худалдан авах санхүүгийн бүрэн эх үүсвэргүй байж хууль бус, хуйвалдааны шинжтэй хөрөнгө босгосон явдлын талаар ярьж байгаа. Магадгүй өөр банкинд энэ хэлбэрийн үйл ажиллагаа өрнөж байгаа бол мөн л адилхан шалгагдана. Төрөөс зүй ёсны шийдвэр гаргах зарчим хэрэгжинэ гэж харж байна. Анхнаасаа хууль зөрчиж байж үйл ажиллагаа явуулсан нь улс орны эрх ашиг, УИХ-ын бүрэн эрхэнд халдсан үйлдэл учраас аль ч банк байсан эцсийн шийдвэр гарах нь зайлшгүй.
 
-УИХ-аас гарсан Ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар төлөлтийн асуудлыг хөндөж байсан. Тус үйлдвэрийн татварын үзүүлэлт өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байгаа вэ?
 
-Өнгөрсөн оны эцсийн тайлангаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс улсад төлдөг татвар гурван жилийн өмнөхөөс гурав дахин буурсан байх жишээтэй. Үүнээс төрийн өмч хувийн хэвшлийн мэдэлд очоод өгөөж нь сайжирдаг бол бас дорддог гэдгийг харж болно. Төрийн хувьд төсвөө бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс аль компани хэчнээн хэмжээний татварыг өгөхийг тооцох ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд  өмнө нь жилд 300-400 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан. Гэтэл өнгөрсөн онд 100 гаруй тэрбумыг төлөөд ирэхээр үйл ажиллагааны асар том доголдол гарч байна гэсэн үг.      
 
-Нэгэнт төрд авах тогтоол гарчихлаа. Одоо 49 хувийг хэрхэх вэ гэдэг асуулт олон нийтийн дунд үүсээд байна. Муугаар яривал, хэдэн улстөрчийн хоол боллоо гэх юм. Сайн талаас нь харвал, олон улсын биржид арилжаалах замаар нээлттэй компани болно, эсвэл Монгол Улсын иргэн бүрт тэгш хуваарилах бүрдлээ гэх мэт олон санал, санаачилга гарч байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн  дараагийн эзэмшигч хэн байх бол?  
 
-Энэ асуудлыг бүлгийн хурал дээр олон удаа ярьсан. Гишүүдийн зүгээс ч иргэдийн саналыг сонссон. Улмаар олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох нь зүйтэй гэдэг санал дээр бүлгийн гишүүд нэг ойлголттой байгаа.
 
Цаашид хувьцаат компани хэлбэрээр ажиллуулах асуудлыг судлах Ажлын хэсэг гаргах шаардлага гарч байна. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, үйл ажиллагааг улам нээлттэй, улс төрөөс хараат бус, олон нийтийн оролцоотой болгох чиглэлээр ажиллахад нь анхаарч ажиллана” гэдгээ намрын чуулганы хаалтын үеэр хэлсэн байгаа. Гэхдээ хувьцаат компани болгоход олон арга зам бий. Гадаад, дотоодын иргэдийн оролцоо хэдэн хувь нь байх юм.
 
Үүн дотроо “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж буй иргэдэд хэдэн хувийг нь эзэмшүүлэх боломжтой гэх мэт олон хувилбарыг судлах ёстой. Эцсийн дүнд, олон нийтийн хяналтыг сайжруулах замаар олон жил яригдаж ирсэн шахааны бизнесийг арилгаж, үйлдвэрийг үр ашигтай ажиллуулж, тодорхой хэсгийг олон улсын биржид IPO гаргах нь Монгол Улсад ашигтай.
 
-Өнгөрсөн намрын чуулганаар УИХ дахь МАН-ын улс төрийн гэж болохоор олон шийдвэр, шийдлийг гаргасан. Татвар нэмэх асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэх мэт. Эрх баригч намын бүлгийн арын албыг хариуцаж буй хүний хувьд намрын чуулганы дөрвөн сарыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-УИХ дахь намын бүлэг аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдал,  эрх ашгийг үндэслэдэг. Эдийн засгийн хямралтай, нийгмийн амьдрал хүндхэн байгаа. Тэгэхээр МАН-ын бүлэг эрх баригчийн хувьд энэ хоёр том асуудалд чиглэн худалдсан. Бүлэг энэ хугацаанд 36 удаа хуралдаж, 79 асуудлыг шийдсэн.
 
Тухайлбал, Эдийн засгийг сэргээх, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэлэлцсэн батлуулсан. УИХ-ын даргын захирамжаар гурван том Ажлын хэсэг гарсан. Байнгын хороодын тогтоолоор 45 Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгүүдэд 65 гишүүн хуваагдан ажилласан байгаа. Намрын чуулганы хугацаанд  манай бүлгийн ажлын албанд иргэдээс 173 өргөдөл, хүсэлт ирсэн. Энэ бүгдийг УИХ-ын гишүүдэд танилцуулан шийдвэрлүүлсэн байна. Улмаар нийгэм рүү чиглэсэн олон хууль тогтоомжийг УИХ-аар хэлэлцсэн батлуулсан байгаа.
 
Тухайлбал, малчдад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт  эдлүүлэхээр болж, хүүхэд гаргасан эхчүүдийн ажилласан жилийг нэмж тооцох гэх мэт. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих хэд хэдэн хуулийн төсөл санаачлан батлуулжээ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн.  Үүнд, 55 мянга гаруй аж ахуйн нэгж хамрагдах тооцоо гарсан бол 1.5 тэрбумаас бага орлоготой компаниудын орлогын албан татварыг 90 хувь чөлөөлсөн байгаа.    
 
Д.Мягмардорж
Эх сурвалж: "Үндэсний шуудан"