sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын 2012-2015 онд 28 дахин буурсан талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр болсон "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр онцлов.
 
Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.9 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2015 онд 180 сая ам.доллар болж буурчээ. Үүнд Монгол Улсын эрх зүйн орчин, улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлсөн хэмээн олон улсын судалгааны байгууллагууд үзжээ. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход хуульч, эрдэмтэн судлаачдын санал, хүсэлтийг тусгах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
 
Засгийн газар дэд бүтцийн салбарт байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингээж экспортод гаргах боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татах зорилго тавин ажиллаж байгаа. Үүний тулд нэн тэргүүнд гадаадын хөрөнгө оруулагчдын санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэдэг байх шаардлага тулгарсан байна. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулах болжээ. ЗГХЭГ-ын даргаар ахлуулах энэхүү зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гомдлыг шуурхай үүрэгтэй юм. Ингэснээр олон улсаас хөрөнгө оруулагч татах боломж бүрдэнэ хэмээн Д.Даваасүрэн дарга онцлов.
 
Тэрбээр, “Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС) хамтран ажиллах болсон. Саяхан Гадаад харилцааны сайд ОХУ болон БНХАУ-д айлчлаад ирсэн. Мөн саяхан Монгол, Японы стратегийн зөвлөлдөх уулзалт болсон. Энэ үеэр дээрх хэлэлцээрийн асуудлыг танилцуулсан. Хөрөнгө оруулагчид ч таатай хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан тул хөрөнгө оруулахад төдийлөн таатай байгаагүй гэдгийг хөрөнгө оруулагчид хэлсэн. Мөн ОУВС-тай хамтран ажиллах хугацаанд Монголын төсвийн сахилга бат сайжирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн” гэлээ.
 
“Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийг цаашдаа хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц зэрэг бүх салбарын холбогдох албаныхан болон эрдэмтэн судлаачдын дунд өрнүүлэх юм байна. Ингэснээр салбар бүрийн санал дүгнэлтийг нэгтгэсэн хууль, эрх зүйн орчинтой болно хэмээн үзэж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр