sonin.mn
МЕХИКО. /TASS/. Оффшор бүсэд бүртгүүлэхэд нь компаниудад хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг Панамын Mossack Fonseca пүүс мягмар гарагт нийт ажилтнуудынхаа 40 хувь болох 75 гаруй хүнийг ажлаас нь халж байгаа тухайгаа зарлажээ. Энэ тухай "La Prensa" сонинд мэдээлсэн байна.
 
“Хэдийгээр бид шударга байхыг удаа дараа уриалж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хандаж байсан боловч үүссэн улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн нөхцөл байдал нь 40 гаруй жилийн турш манай компанид мэдлэг чадвар, туршлагаа зориулан ажиллаж, өөрсдийн хувь нэмрээ оруулсан 75 гаруй ажилтнаа ажлаас нь халахаас аргагүйд хүргэснийг харамсан мэдэгдэж байна” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ. 2016 оны 4 дүгээр сараас хойш нийтдээ 250 орчим хүн Mossack Fonseca-аас гарсан аж.
 
Энэ оны 2 дугаар сард тус пүүсийг үндэслэн байгуулагч Юрген Моссак, Рамон Фонсека нарыг баривчлан саатуулсан билээ. Панамын прокурорын газар тэднийг мөнгө угаасан, гарал үүсэл нь эргэлзээтэй актив хөрөнгө, мөнгөн хөрөнгийг нуун дарагдуулсан гэж сэжиглэж байгаа аж.
 
Mossack Fonseca-гийн баримтууд дээр үндэслэн явуулсан өргөн цар хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааны дүн 2016 оны 4 дүгээр сард нийтлэгдэж байсан билээ. Нийт баримтын тоо 11,5 сая байсан бөгөөд тэдгээр нь 1977-2015 оныг хамарч байгаа юм. Дээрх баримтуудад оффшорын схемийн талаарх мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрт 12 улсын төрийн тэргүүн байсан хүмүүс болон одоогийн төрийн тэргүүн нар, мөн 50 гаруй орны 100 гаруй улс төрч, нэр алдартай хүмүүстэй холбоотой баримтууд байжээ.
 
WikiLeaks байгууллагын үзэж байгаагаар, “Панамын баримтууд”-ыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Соросын сан санхүүжүүлэн нийтэлсэн аж.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг