sonin.mn
Монголын доройтол юунаас эхтэй юм бол гэж боддог. Арай Гэгээн хаан шиг хүн бүхнээ алчихдаг юм биш биз дээ. Чингис хаан ч залуудаа алуулах л байсан даа. Овсгоотой сэргэлэндээ амь мултарч гарсан биз дээ. Бусад “гэгээн хаад”-д нь аврах ухаан дутжээ гэж боддог.
 
Би “Гэгээн хаан” романыг уншаад шавай ханав. 18-21 насандаа хаан сэнтийд заларсан, монгол нутагтаа амьдраагүй хүүхэд яагаад гэгээн болов. Зүрх сэтгэл нь гэгээн байжээ. Дайду хотдоо тансаглах хаан хүү ухааныхаа нүдээр Давааны арын монголчуудаа ядуу өлөн зэлмүүн амьдарч буйг харж сэтгэл нь сэмэрчээ. Тэгээд л бид эзэн ард монголчуудаа ядуу дорой амьдруулбал өвөг дээдсийн сүнс сүлд таалахгүй хэмээн ухаарсан нь гэгээрлийнх нь үндэс болжээ.
 
Тэрүүхэн үедээ бол улсаа Юан гэж нэрлээд хүний нутагт амгалан суух нь монголчуудын хувьд амгалангүй болохын угтал юм. Түүний бодсоноор гэрт чинь хэдэн хүн ирээд ор дэрийг эзэмшээд гал тогоонд чинь өөрийн дураар хоол унд хийж идэж уугаад суучихъя гэж бодъё. Гэрийн эзэн хэсэг хугацаанд дуугүй харна байх. Сүүлдээ залхаад хөөнө биз дээ. Тэд явахгүй, тэгэхээр зодоон үүснэ. Ирсэн хүмүүс дийллээ гэж саная, Урилгагүй зочдоо явуултлаа л гэрийн эзэн хэрэлдэж зодолдоно. Түүх ийм л байдаг. Хөөгдөх нь гарцаагүй, хэдийд вэ гэдэгг л учир бий. Хүнийг ухааруулах баримт энэ.
 
Харьд нийслэлээ төвлөрүүлж нутагласан Юан нэртэй монгол гүрний хувь заяаг ингэж ухаарсан нь балчир хааны бас нэг гэгээрэл Хятадын аугаа хүн Күнз багш нь “Өөртөө хатуу, бусдад зөөлөн байхтун, тэгэж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна” гэсэн сургаал хэлжээ. Үүнийг нь ухварлахдаа "Би чинь өөртөө хатуу зорилготой байж монгол , үндэстэндээ зөөлөн хандах ёстой ажээ. Тэгэхгүй бол өөр үндэстэн нанхиад зүгийн хороос сэргийлж чадахгүй хэмээн ухан ойлгожээ. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм гэсэн Күнзийн сургаал бий.
 
Манайхан эхий нь эцээхгүй,тугалы нь тураахгүйгээр үйлс явдлаа зохицуулан явуулах учиртайг сургадаг. Ингэхээр монгол хүн Күнз багшаас ер дутахааргүй их ухаантай юм гэж гаргалгаа хийгээд, би ухаант дээдсийн үр хойч. Тэднийхээ замаар алсыг харсан хууль зарлиг гарган түүгээрээ жолоодож, нэгэнт өндөр суудал эзэлсэн хүмүүн чинь чадна гээд зүтгэхээс өөр ороолдож зангирсан дээс мэт мушгиралдан эргэж буцах замгүй гэж ухаарсан нь бас л бие даасан Гэгээн хааны бодол мөн.
 
Зарц боол ядуу байх нь тэдний хувь тохиол гэсэн үзлийг тэрсэж дэргэдийн хүмүүсийнхээ “Хир хөлс үнэртсэн ноорхой хувцастай, сайртай хөлтэй, ядуу эрийг ордон өргөөнд оруулж, хаан уулзах нь эвгүй болов уу” гэсэн үгийг сөрж “Миний албат иргэн ийм ядуу зүдүүгийн туйлдхүрсэн нь хэнээс болов” гэж эргэцүүлээд уулзаж сайхан хоолоор дайлж, ядуу эрээс улсаа аврах мэдээ олж авсан нь бас л гэгээрэл юм. Ядуустай уулзаагүй бол улам л харанхуй болох байхаа.
 
Дайду буюу Бээжинд суудаг олон охидоос биш тэнүүн толиотсон тухтай, цэцгийн дэлбээ мэт ягаан уруултай, бурханых мэт дэлбээлсэн чихтэй, тэнэгэр цээжтэй, мөөм бумбадсан адил товойж ургаш түрсэн, хэвлий тэнүүн, аарцаг уужимдуу хүүхэд гаргахад зохистойг харж ядуу айлын охиныг хатнаа болгосон нь ноёд хатдын жишгээр дэндүү доошоо орсон мэт ч бас л залуу хааны хувьд Давааны арын монголоо дэргэдээ авсантай адил гоц ухаан байлаа. Ер нь ч харьд төрж өссөн ч монголоороо байгаа хүн, муугаас сэвтэдгүй бадамлянхуа цэцэгтэй адил юм.
 
Үүнд эцэг эхээс илүүтэй багшийн гавъяаг магталтай. Нүүдэлчин малчид бидний одоогийн хаан, сайд ноёд Чингис хаан шиг, Өгэдэй хаан шиг, Гүюг, Мөнх хаан шиг хэзээ Хархорум хотод ирж өргөөлөн суурьших бол гэж бодоод түүнийгээ хүсэмжлэн өглөө бүр цай сүүнийхээ дээжийг өргөж буй ардынхаа ийм мөрөөдлийг мэдрэх нь хааны хувьд хамгаас чухал. Тиймээс ардаа гэсэн авралтай хаан хэмээн түмэн олондоо магтуулсан ийм сайхан хүнийг хэн хорлов. Эрх мэдлээ буруугаар ашгилдаг, өнгө мөнгөнд нүд сохорсон харьжсан бодолтон шиг аюулт дайсан улс оронд байдаггүй.
 
Тэдний бодол үзэл Дайду болон Бээжин хавиас нүүгээд Хархорум нийслэлтэй арын Монголд очиж даарч бээрч тухгүй суухгүй, монгол хүнийг зарж худалдах нь зөв, боолчилсон эздээсээ хоол олж идвэл аминд нь өлзийтэй гэх мэт бодол тээгчид юм. Ийм бодолтнууд балчир хүүхэд шиг энхрийлэм гэгээн бодолтой хаанаа хөлгийн дөрөөнд хүргэж монголынхоо аврал болголгүй алсан байх юм. Гэмтэх хүн толгойноосоо эхэлж ялзардгийн үлгэрээр муу муухай харьжсан бодолтнууд улс үндсээ гэсэн ухаантнуудад дайсан болдог. Олон юм үзэж харсан төдийгүй боловсролтой нь сайхан ч хүмүүжилтэй байх нь бүр илүү сайхан юм даа. Бас Монголоо бодоод гэгээрсэн байх учиртай.
 
Манай Монгол доройтоод байгаа нь харь ухаанд идүүлсэн эрх дархтануудаас болоод байгаа юм биш биз дээ. Нэг хүн нэг удирдагчийг хорлох гээд улсаа хорлодог увайгүйчүүдээсМонголоо аврахын тулд манай төрийнхөн С.Товуудоржийн “Гэгээн хаан" номыг уншиж гэгээрээсэй. Далимд нь нэг зүйл хэлэхэд шадаар нь бус саяар нь хулгайлаад өөрийн юм шиг болгож бичдэг энэ цагт гудманд ярилцах төдийд сонсож олсон санаагаа түүнийх шүү гэж зарладаг С.Товуудорж нүнжигтэй эр тулдаа ийм сайхан бүтээл туурвисан юм биз гэж дүгнэв.
 
Зохиолч болгодог авъяасан дээр хүн нүнжиг нэмж гэмээ нь зохиол сайн болдог увидас бий дэгээ.
 
Зохиолч, сэтгүүлч Лхагважавын Нямготов