sonin.mn
КУАЛА-ЛУМПУР. /AP/. Малайз улсын Засгийн газрын гишүүд Пхеньяны тавьсан хоригийн улмаас Умард Солонгосоос гарч явж чадахгүй байгаа өөрийн орны иргэдийг тус улсаас гаргах арга замуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
 
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болох юм. Пүрэв гарагт НҮБ-ын "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-ийн хоёр малайз ажилтан Умард Солонгосоос гарч явсан байна. Тэднийг яагаад гарч явахыг зөвшөөрсөн нь тодорхойгүй байгаа юм.
 
Одоогийн байдлаар 8 малайз иргэн Умард Солонгост байгаа аж.  Тэд  бол элчин сайдын яамны ажилтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс юм.
Засгийн газрын хуралдаанаар Умард Солонгостой тогтоосон эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцэж магадгүй байна.
Умард Солонгостой яриа хэлэлцээ хийж, үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулж чадна гэдэгт найдаж байгаагаа Малайзын засгийн газар мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах Ким Жөн Намыг Малайзын Куала-Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудалд хөнөөсөн хэргийн улмаас хоёр улсын харилцаа ээдрээтэй болоод байна.
 
Умард Солонгосын тал Малайзын иргэдийг улс орноосоо гарч явахыг түр хугацаагаар хориглосон гэдгээ мягмар гарагт  мэдэгдсэн билээ.   
Пхеньяны мэдэгдсэнээр, Малайзад гарсан хэргийг шударгаар шийдвэрлэх хүртэл уг хоригийг тавьж байгаа ажээ. Харин Малайзын засгийн газар өөрийн улсад байгаа умард солонгосчуудыг гаргахгүй байх хариу хориг арга хэмжээ авсан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг