sonin.mn
Улаанбаатр /МОНЦАМЭ/. Нийслэлийн зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор өнөөдөр ЗТХЯ, НЗДТГ хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичиг байгуулав.
 
Санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, НЗД С.Батболд нар гарын үсэг зурлаа. Хоёр тал Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто зогсоолын тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй нийтийн тээврийн систем, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
 
Хөшигийн хөндийд барьж буй шинэ нисэх буудлыг энэ онд хүлээн авна гэдгийг НЗД С.Батболд хэлээд, “Шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбосон автозам, төмөр замын тээврийн сүлжээ бий болгох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн дундуур дайран өнгөрч буй төмөр замыг хотоос гаргах зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон хийн түлшийг нэврүүлэх чиглэлээр ЗТХЯ-тай хамтран ажиллах болно” гэлээ.
 
Автозам барилга, нийтийн тээврийн үйлчилгээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулснаар иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэнэ хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцлов.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг