sonin.mn
ХАНОЙ./TASS/. Баячуудын тооны өсөлтөөр Вьетнам улс дэлхийд тэргүүлэх болжээ. Ийм дүгнэлтийг зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг "Knight Frank" группын шинжээчид дэлхийн улс орнуудын хүн амын амьдралын түвшний өсөлтийн талаар судалгаа явуулсны дүнд хийжээ.
 
2010-2016 оны хугацаанд судлаачдын цуглуулсан мэдээллээр, Вьетнамд хэт их баян хүний тоо 320 хувиар өсчээ. Энэ үзүүлэлтээр Вьетнам улс баячуудынх нь тоо тус бүр 290, 281 хувиар өссөн Энэтхэг болон Хятадыг ардаа орхисон байна.
 
Хэдийгээр Вьетнамын нэг иргэнд ногдох жилийн дундаж орлого нь 2 мянга орчим доллар байдаг боловч тус улсад шинэтгэлийн бодлого явуулсан 30 жилийн хугацаанд баян чинээлэг “шинэ вьетнамчуудын” анги давхарга бий болжээ. Вьетнамын шинэ баячууд хөрөнгөө янз бүрийн аргаар хуримтлуулсан бөгөөд ихэнх нь хөрөнгийн зах зээл, далайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, барилга, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнес эрхэлдэг ажээ.
 
Тухайлбал, Москвагийн Геологи хайгуулын их сургуульд сурч байсан, өдгөө Вьетнамын хамгийн баян чинээлэг хүмүүсийн нэг болоод байгаа, 50 настай Фам Нят Выонг гэхэд барилгын бизнес эрхэлдэг. Тэрбээр 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Америкийн "Forbes" сэтгүүлд бичсэнээр, Вьетнамын анхны бөгөөд цорын ганц тэрбумтан юм.
 
Үүний сацуу тун удахгүй Вьетнамд долларын тэрбумтан анхны эмэгтэй төрөн гарч магадгүй байна. Тэр хүн бол 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, өдгөө 48 настай Нгуен Тхи Фыонг Тхао юм.  Тэрбээр Вьетнамд хамгийн эрчимтэй өргөжиж буй "VietJetAir" гэдэг агаарын тээврийн компанийг үндэслэн байгуулагч бөгөөд “Forbes” сэтгүүлийн хувилбараар дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад аль хэдийн оржээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг