sonin.mn
АМСТЕРДАМ./Reuters/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн Нидерландад хийх айлчлалыг цуцалснаар Анкара болон Амстердамын хооронд дэгдсэн дипломат маргаан хурцадлаа. 
 
Туркийн сайд өнгөрсөн бямба гарагт Нидерландад очиж, тэнд амьдарч буй Туркийн иргэдтэй хамт Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжин жагсаал хийхээр төлөвлөж байжээ. Тус улсад ирэх сард ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх асуудлаар бүх нийтийн санал асуулга хийхээр төлөвлөж байгаа юм.
 
Нидерландын албаны хүмүүс түүний айлчлалыг цуцалснаа аюулгүй байдлын шалтгаантай холбон тайлбарласан  хэдий ч Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Нидерландыг шүүмжлэн хэлэхдээ “тэнд өнөө хэр нь нацизм оршин тогтнож байна” гэсэн байна. 
 
Эрдоганы мэдэгдлийг Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте эрс буруушааж “энэ бол байж боломгүй хэрэг” гээд “Туркийн Засгийн газар манай улсаас уучлалт гуйх ёстой” гэж шаарджээ.
 
Нидерландад энэ долоо хоногт болох парламентын сонгуулийн өмнөхөн дипломат маргаан дэгдлээ. Хэт барууны үзэлт Герт Вилдерсийн удирдсан Эрх чөлөөний төлөөх нам ялах магадлал өндөр байгаа юм. Тус нам лалын хэт давруу үзэлтнүүдтэй хатуу тэмцэнэ гэдгээ амлаж байна. Ноён Вилдерс хэлэхдээ "Туркийн Гадаад хэргийн сайд бүх туркчүүдээ аваад Нидерландаас зайлах хэрэгтэй" гэжээ. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг