sonin.mn
Улаанбаатар хот БНСУ-ын Намянжү хоттой найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна.
 
Хоёр хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй. Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан соёлын хотхон байдаг бөгөөд жил бүр монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг. Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт маргааш эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Намянжү хот, Улаанбаатар хот, UBS телевиз гэсэн гурван тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ, “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүнд Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан мөн анх удаа бүртгүүлж байгаа хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заалгүй үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн тоглолт тавигддаггүй, морин үзүүлбэр бас байдаг. Энэ жил 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ.
 
Бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 15, 16-ны өдөр сонгон шалгаруулалт явагдана.” гэлээ. Харин Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ, “Манай монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Мөн Монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол найман сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт дөрөвдүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал болно” хэмээв.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг