sonin.mn
-Экс дарга З.Энхболд дотоодын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. Тэрбээр өөрийн гараар байгуулсан “Шонхор” фракцийнхаа С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар гишүүдийн санал хураалтаар сонгогдсонд санаа нь амраад, гол нь намаа ялагдалд хүргэсэн гэм буруугаа хүлээж хэсэгтээ л нам жим болно гэж хүмүүс бодсон байх-
 
 
Их улс төрд хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орж, намууд түргэвчилсэн марш хийж эхэлсэн байхад Ардчилсан намынхан Үндэсний Бодлогьн хороо (хуучнаар ҮЗХ}-ны 380 гишүүнээ сонгох сонгуулийг орон даяар, орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн 223 суманд Ардчилсан намын даргаа сонгох, мөн 21 аймгаас 19-т нь, нийслэлийн есөн дүүргээс Сүхбаатар, Баянзүрх, Баянголоос бусад зургаад нь аймаг, сум, дүүргийн намын даргын сонгуулийг зохион байгуулахаар болж байна.
 
Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ мөн сунгаагаар тодруулахаар ярилцаж байгаа төдийгүй сунгаанд оролцогчид лав 21 аймгийг бүтэн тойрно, дараа нь жинхэнэ нэр дэвшигч дахиад эх орноо хөндлөн гулд явна гэж тооцоолбол энэ нам дахин төрсөн мэт хагас жилийн турш сонгууль хийх болж байна.
 
Хурлаа хийдэггүй, дотоод сонгуулиа явуулдаггүй, гишүүдээ сонсдоггүй гэж шүүмжлүүлэн арваад жил болсон нам хагас жилийн дотор Их Хурлаа лав гурвантаа хуралдуулж, янз бүрийн түвшний сонгуульд дөрвөнтээ орох болж байна. Энэ нь муу зүйл биш байж болох ч сонгууль болгон өрсөлдөөн учраас дотроо бужигнасаар Ерөнхийлөгчийн сонгуулийг угтах нь ээ гэсэн үг.
 
Үүний зэрэгцээ нэг томхон сорилт Ардчилсан намын өмнө тулгарч байгаа нь сонгуулийн зардал бөгөөд үүнээсээ болоод өдгөө гишүүд болон удирдлагуудын хооронд маргаан үүсч байгааг сүүлийн өдрүүдийн үйл явдал харуулж байна. Улсын баатар Э.Бат-Үүлийн суудал 90 саяын үнэ хүрлээ гэх шүүмжлэлийг гишүүд хүчтэй илэрхийлж байгаа бол удирдлагууд тэдний энэхүү эсэргүүцэлд хэвлэлээр хариу мэдэгдэл гаргаснаас өөр үйлдэл үзүүлсэнгүй.
 
“Сонгууль болгон зардалтай. Улс даяар зохион байгуулдаг сонгууль 10-20 тэрбум төгрөгөөр бүтдэг. Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд намаас гарах нь 5-6 тэрбум, нэр дэвшипчээс гарах нь гурван тэрбум, дээр нь СЕХ-ноос гаргах нь 13.9 тэрбум төгрөг” гэсэн баримтыг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр нийтлэгдсэн ярилцлагадаа дурджээ.
 
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар намын дотоод сонгуульд өрсөлдөх үйл явцыг мөнгөний хүчин зүйлээр үнэлснийг шүүмжлэн “МАН-ын 60 тэрбумын загварыг өөгшүүлсэн хэрэг” гэж дүгнэж байгаа бол экс дарга З.Энхболд “Ардчилсан нам гишүүдийнхээ хандиваар сонгуулийг зохион байгуулж байгаа нь эрүүл үзэгдэл. Төрийн албыг 60 тэрбумаар үнэлсэн МАН шиг биш” хэмээн байр сууриа илэрхийлсэн байх аж.
 
Хандиваар сонгуульд өрсөлдөх энэхүү загварыг илтэд сайшааж буйгаа экс дарга З.Энхболд илэрхийлээд зогсохгүй дотоодын сонгуульд үзэхээ мэдэгдсэн нь анхаарал татлаа. Тэрбээр өөрийн гараар байгуулсан “Шонхор” фракцийнхаа С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар гишүүдийн санал хураалтаар сонгогдсонд санаа нь амраад, гол нь намаа ялагдалд хүргэсэн гэм буруугаа хүлээж хэсэгтээ л нам жим болно гэж хүмүүс бодсон байх. Тэгвэл мань эр сонгуульд өрсөлдөх гээд завгүй яваа аж. З.Энхболд хэвлэлд ярилцлага өгөхдөө “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 70 дугаар тойргоосоо өрсөлдөхөөр бүртгүүлчихлээ, Манай тойргоос таван хүн Үндэсний бодлогын хороонд орно” хэмээн ярьжээ. Энэ тойрогт тэрбээр УИХ-ын хашир туршлагатай, хамгийн олон жил сонгогдсон гишүүдийн нэг Д.Лүндээжанцанд ялагдсан юм. Харин одоо ялагдлын гашуун утаа үнэртсэн тойрогтоо хаширсангүй нам дотроо нэр дэвшиж байгаа аж. Эрхбиш экс даргаа намын гишүүд нь энэ удаад элбэж хамжаад Үндэсний бодлогын хороонд сонгочих ч байх.
 
Үндэсний бодлогын хороонд гишүүнээр сонгогдоно гэдэг нь ээлжит УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат өвөртлөх том боломж юм. Үүнийг ч З.Энхболд нуусангүй. “2020 онд Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшье гэвэл одоо Үндэсний бодлогын хороонд өрсөлдөж орж ирэх хэрэгтэй. Манай гишүүд ч сонголт хийхдээ 2020 онд УИХ-д Ардчилсан намыг ялуулж, гишүүн болж чадах хүнийг сонгох учиртай. Шуудхан хэлэхэд энэ хүнийг ҮБХ-д гаргавал 2020 онд УИХ-д ялах уу, үгүй юу гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг” хэмээн ярьж байна. Тэрбээр Ардчилсан намын улс төрийн амьдралд идэвхтэй оролцох, ахиад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах эрмэлзэл бүрэн дүүрэн байгааг ийнхүү ил тод илэрхийллээ.
 
Ээлжит сонгуульд намаа ялагдалд хүргэснийхээ бурууг хүлээж, огцрохоо мэдэгдэн түр орлон гүйцэтгэгчид албаа шилжүүлж байсан Зи үүнээсээ хойш хэдэн сарын дараа буцаад намын даргын ажлаа авч, шинэ даргын төлөөх сунгааг зохион байгуулахад гар бие оролцсон түүхтэй. Тэрбээр цаашид ч намынхаа удирдах байгууллагад орж ажиллах, УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн тулд өдгөө дотоодын сонгууль оролцохоо мэдэгдлээ. Ардчилсан нам сонгууль зарласаар, экс дарга З.Энхболд нэр дэвшсээр...
 
 
С.Бат
Эх сурвалж : "Өглөөний сонин"