sonin.mn
Стандарт хэмжил зүйн газрын удирдах зөвлөлийн уулзалт өнөөдөр болж энд онд хийх ажлуудаа хэлэлцлээ.
Уулзалтад нийслэл болон аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэсийн дарга нар оролцож байна.  
 
Стандарт хэмжилзүйн газрын тамгын газрын дарга Б.Эрдэнэзул ярихдаа, “Удирдах   ажилтны зөвлөлгөөнөөр өнөөдөр 2016 онд хийсэн ажлын тайлан болон энд онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Бид саяхан ISO 37001 авилгын эсрэг удирдлагын тогтолцооны стандартыг үндэснийх болгон батлуулсан. Энэ стандарт нь аливаа байгууллагыг авилгад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой учир хувийн болон төрийн байгууллага аль аль нь нэвтрүүлж болно. Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгосны дагуу энэ стандартыг олон нийтэд сурталчлан, нэвтрүүлэх ажлыг энэ онд хийнэ. Өнгөрсөн онд хийсэн чухал ажлууд гэвэл манай Итгэмжлэлийн газар олон улсын IF болон PAC итгэмжлэлийн байгууллагад үнэлгээнд орж, баталгаажсан.
 
Үндэсний итгэмжлэлийн байгууллага олон улсад ийнхүү хүлээн зөвшөөрөгдсөнөөр удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагууд бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа давхардсан худалдааны барьер хэрэглэх хэрэггүй болно. Мөн БНХАУ-ын элчин сайдын яамтай хийсэн техникийн чадавхийг бэхжүүлэх санамж бичгийн хүрээнд Хүч хатуулгын лаборатори байгуулсан. Хүч хатуулгыг шалгах лабораторитой болсноор зам, барилгын материалд тавих шалгалт сайжирна. Өнгөрөгч онд бэлтгэсэн стандарт тохирлын хуулийн шинэчилсэн найруулгыг  УИХ-д өргөн бариад байна. Энэ хууль батлагдсанаар олон улсын худалдаа хийхэд давхардсан олон шалгалт авахаа больж бизнес эрхлэгчдэд илүү хялбар болно” гэлээ.
 
Энэ онд Стандарт хэмжилзүйн газар  Авлигын эсрэг ISO 37001 удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах бөгөөд энэ нь авилгад өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна.
 
 М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг