sonin.mn
СИНГАПУР. /TASS/. Сингапурын “Чанги” олон улсын нисэх онгоцны буудал тав дахь удаагаа дэлхийн шилдгээр тодорчээ. Энэ тухай лхагва гарагт “Чанги групп” компанийн төлөөлөгч "Skytrax" компаниас явуулсан судалгааны дүнг иш татан мэдээллээ.
 
“Шилдэг цолоо таван жилийн туршид алдахгүй хадгалж чадсан нь тус нисэх онгоцны буудлын хувьд чамгүй том ололт амжилт бөгөөд "Чанги" гадаадын жуулчдын дунд асар их нэр хүндтэй байгааг харуулж байна” гэж Skytrax-ийн захирал Эдвард Плэйстид онцлон дурджээ. Түүнээс гадна,Сингапурын энэ агаарын боомт Ази тивдээ шилдэг болсон төдийгүй “Амрах тохь тух” ангилалд тэргүүлсэн байна.
 
Удаах байранд Токиогийн Ханэда, гуравдугаарт Сөүлийн Инчон тус тус оржээ. Европ тивээс Мюнхений нисэх онгоцны буудал дөрөвдүгээр байрт бичигдсэн байна.
Уг судалгааг 105 орны 13,8 сая жуулчид, аялагчдаас санал авах байдлаар явуулжээ. Судалгааны явцад дэлхийн 550 нисэх онгоцны буудлыг зорчигчдын бүртгэл хийх, угтах үйлчилгээ, дамжин суух нислэгийн зохицуулалт, зорчигчдын аюулгүй байдал, брэндийн дэлгүүрүүд олон байгаа эсэх гэх мэт олон үзүүлэлтээр харьцуулсан байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг