sonin.mn
ДАМАСК./Reuters/. Засгийн газар болон барууны орнуудын дэмжлэгийг авч буй сөрөг хүчний хооронд  гал түр зогсоох гэрээг эс тооцвол Сирийн иргэний дайн долоо дахь жилдээ үргэлжилж байна.
 
2011 оны 3 дугаар сарын 15-нд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг эсэргүүцсэн жагсаал цуглаан бослого болон хувирсан байна.
Засгийн газар нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарснаар Сири орон иргэний дайны хөлд нэрвэгдэх болсон юм. “Лалын улс” бүлэглэл энэ үймээн самууныг ашиглан цэргийн хүчээ зузаатгасаар байна.
 
Иргэний дайны 6 жилийн хугацаанд 320 мянга гаруй хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдэгдэж байгаа юм. Мөн НҮБ-ын мэдээллээр, Сирийн хүн амын талаас илүү нь буюу 12,4 сая хүн орон гэргүй болжээ.
 
12 дугаар сард Алеппо хотыг Сирийн засгийн газрын цэргүүд хяналтандаа авсны дараа дайны гал түр зогссон юм. Хэдийгээр мөргөлдөөн түр намжсан боловч агаарын цохилт үргэлжилсээр байна.
 
10 сарын турш зогссон энхийн хэлэлцээг НҮБ-ын зуучилснаар дахин сэргээсэн боловч сөргөлдөгч талууд тохиролцоонд хүрээгүй хэвээр байна. Талууд энэ сарын сүүлчээр дахин хэлэлцээ эхлэх бололтой. 
 
“Лалын улс” бүлэглэл Сирийн Ракка хотыг эзлээд түүнийг өөрийн нийслэл гэж зарласан билээ.  
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг