sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аар энэ оны хоёрдугаар сард баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулах ёслол өнөөдөр болов.
 
УИХ-аар 2003 онд баталсан Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй зэрэг дутагдалтай талууд олон байсан. Иймээс гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн хуулийг шинэчлэн найруулсан байна. Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэж, цаашдаа тогтвортой ажиллахад уг хууль томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёслолын үеэр онцлов.
 
Тэрбээр, “Онцгой байдлын алба хаагчид бусдын амийг аврахын төлөө өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулдаг. Гамшиг тохиолдсон газарт та бүхнийг очиход иргэд тайвширч “Монгол төрийн авралын гар” ирлээ гэж хардаг. Тиймээс та бүхэн алдах эрхгүй. Хүн төрлөхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий амьдрахад улам бүр аюултай болж байна. Тиймээс гамшгийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд бэлэн байдаг болох хэрэгтэй. ОХУ-д сургууль төгсч ирээд, Цэргийн төв байгуулагын сонинд ороод авсан хамгийн анхны томилолт маань Иргэний хамгаалалтын сургалт сурвалжлах байсан. Энэ сургалтаар иргэдийг гамшгийн үед хэрхэн ажиллах вэ гэдэгт сургадаг байлаа. Саяхан Хөвсгөл аймагт дунд сургуулийн хүүхэд осгосон найзыгаа аварсан тухай мэдээлэл гарсан байсан. Тэр хүүхдийн ангид гамшгийн үед хэрхэн амьд гарах талаар хичээл орсон тул тэр мэдлэгээ ашиглаж найзыгаа аварсан гэж хэлсэн байсан. Тиймээс хуучны Иргэний хамгаалалтын сургалттай адилаар гамшгийн үед өөрийгөө болон бусдын амийг аврах талаар Ерөнхий боловсролын сургуульд хичээл ордог болох хэрэгтэй” гэлээ.
 
Мөн тэрбээр 2018 онд Азийн Онцгой байдлын байгууллагын сайд нарын хурал Монголд болохоор төлөвлөж буйг хэлээд энэ үеэр бусад орноос туршлага судлах, өөрийн хүчин чадлаа таниулах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн Хуульд Онцгой гавъяа байгуулсан алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгох зэргээр онцгой байдлын бие бүрэлдэхүүний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх олон чухал заалт орсон гэдгийг хэллээ.
 
Цагдаагийн алба, Дотоодын цэрэг болон Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчилэн баталснаар төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрхзүйн шинэчлэл дуусч байгааг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Ж.Энхбаяр хэлсэн. Тэрбээр, "Шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулиар онцгой байдлын байгууллагыг төрийн цэргийн байгууллага болгосон.
 
Засгийн газар “Төрийн цэргийн стратеги 2030” бичиг баримтыг ойрын хугацаанд батлахаар ажиллаж байгаа. Уг бичиг баримтад тусгагдсан онцгой байдлын байгууллагад хамаарагдах асуудлуудыг тусгайлсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх нь та бүхний өмнө тавигдаж байгаа нэн тэргүүний зорилт юм. Гамшгаас хамгаалах асуудлыг шинээр батлагдсан хуулийн дагуу зохион байгуулах, алба хаагчдын эрх зүйн байдал, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг цэргийн жинхэн алба хаагчидттай адил болгон, холбогдох дүрэм журмаараа баталгаажуулах нь чухал юм” хэмээгээд Шадар сайд У.Хүрэлсүхэд хуулийн шинэчилсэн найруулгыг гардуулав.
 
 
Шадар сайдын зүгээс гамшгаас хамгаалах хуулийг шинэчлэн найруулж,  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр эрх зүйн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд, МУЗН, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.
 
Шинэчлэн найруулсан хуулиар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд МУЗН-ийн гүйцэтгэх үүргийг нарийн зохицуулсан нь чухал ач холбогдолтой гэдгийг МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд дурьдав. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гамшгийн аюул, түүнээс үүсэх хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн өсөлт, хүн амын амжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Тиймээс МУЗН нь төрдөө нэмэлт хүч болон ажиллах үүргээ биелүүлж, гамшнийн үед олон улсын байгууллагуудтай хамтран хандив, тусламж цуглуулах ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлсэн юм.
 
НҮБ олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ОБЕГ-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус байгууллагын Суурин зохицуулагч Биата Транкман илэрхийлсэн. Улс орны хөгжлийг ухраах хамгийн том эрсдэл нь байгалийн гамшиг юм. Тиймээс хүн амд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боловсрол эзэмшүүлэх нь туйлын чухал гэдгийг тэрбээр онцолсон. НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ОБЕГ-тай олон жил хамтран ажилласан бөгөөд, цаашдаа хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарна гэлээ.
 
Мөн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад үнэтэй хувь нээр оруулсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Н.Энхболд болон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, БХЯ, ОБЕГ, Шадар сайдын ажлын албанд талархал хадгалуулав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг