sonin.mn
МАДРИД./BBC/. Испанийн цагдаа нар зохион байгууллалттай зөөвөрлөдөг байсан асар их хэмжээний зэвсгийг илрүүлэн хураажээ.
 
Энд 10 мянга гаруй винтов, пулемёт, автомат буу, гар буу болон 400 гаруй тэсрэх бөмбөг байжээ. Эдгээр зэвсгийг галт зэвсэг наймаатай тэмцэх тусгай ажиллагааны явцад илрүүлсэн байна.   
 
Мөрдөн байцаагчид Бильбао хотын  ойролцоо хууль бус зэвсгийн наймаа эрхлэгчдийн байгуулсан нууц цехийг илрүүлж, хэрэгт холбоотой 5 хүнийг баривчилжээ. Түүнчлэн 80 мянган евротой тэнцэх бэлэн мөнгө хураасан байна.
 
Европын Холбооны Хууль сахиулах байгууллагын /Европол/ явуулсан энэ тусгай ажиллагааны явцад эдгээр зэвсгийг Испани, Франц, Бельги зэрэг улсад худалдаж байсныг тогтоожээ.  
Гэмт хэрэгтнүүд дуудлага худалдаа болон бусад сувгаар эдгээр зэвсгийг олж авсан байна. Зэвсгийг зарахын тулд спорт барааны дэлгүүрүүдийг халхавч болгон ашигладаг байжээ. 
 
Европолын үзэж байгаагаар, зэвсгийн хууль бус наймаачид Европын улсуудын хуулин дахь ялгааг овжин ашиглаж, хуулийн дагуу ажилладаг зэвсэг нийлүүлэгчдээс зэвсэг худалдан авдаг байна. 
 
Европолын мэдээллээр, 2014 оноос хойш гэмт хэрэгтнүүдэд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ эрс нэмэгджээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг