sonin.mn
Өнөөдөр Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь үнэхээр өр өвтгөсөн баримт юм.
 
Тэгвэл 2020 он гэхэд Монгол Улсад хепатит С вирусыг устгаж, мөн хепатит В вирусын  халдварыг бууруулж, вируст хепатитын халд­вартай хүмүүсийг эмчил­гээнд хамруулах замаар Монгол Улс дахь элэгний өвчлөлтөй холбоотой нас баралтыг 2020 он гэхэд 50 хувь бууруулна гэ­сэн зорилго тавьж түүнийхээ эхлэл болгож “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
Харин ходоодны хорт хавдрын өвчлөлийн хувьд аймаг, дүүргийн эмнэлэгт дурангийн шинжилгээг 2018 онд хийхээр ажиллаж байна. Ходоодны хорт хавдраар 800 хүн оношлогдож, 500 нь нас бардаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2018 онд ходоодны хорт хавдрыг дурандуулахад ямар ч мөнгө авахгүйгээр дуранддаг байх, эрэгтэй 40, эмэгтэй 45 наснаас дээш хоёр жилд нэг удаа заавал дурандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг оруулна хэмээн ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн аяны нээлтийн үеэр хэлж байсан юм.
 
Хавдрын аян энэ жил долоо дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд энэ жил орон нутгаар явж үзлэг хийдэг байснаа багасгаж орон нутаг, дүүргүүд дээр эрт илрүүлэх үзлэг хийдэг тогтолцоог бий болгох зо­рилготой ажиллаж байна. Аймаг бүрт дуран байдаг ч боловсон хүчин тааруу байдаг. Тиймээс эмчээ сургаж чадваржуулах хэрэгтэй. Мөн ходоодны хорт хавдраар баруун бүсийн аймгууд их өвчлөлтэй байна. Тухайлбал, Увс аймаг гэхэд Монголын өвчлөлөөс гурав дахин их ходоодны хорт хавдартай. Энэ нь амьдралын хэв маяг, давсны хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс энэ онд ходоодны хорт хавдрын шалтгаан болох хеликобактери, хоол, хүнсний аюулгүй байдал, давсны хэрэглээ, эрүүл мэндийн үзлэгт орж байхыг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа. 
 
“Хавдрын эсрэг үндэсний аян”-д урлаг соёлынхон нэгдэж байна. Тиймээс зарим уран бүтээлчдийн сэтгэгдлийг нь сонссон юм.
 
Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн:
 
ӨӨРТӨӨ АНХААРЧ ЭРҮҮЛ БАЙ
 
-Хүн үхэх, төрөх, өвдөх, өтлөхөөс хаашаа ч зугтаж чадахгүй. Тэнгэрт хальж байгаа хүн үхлийн тухай мэддэггүй. Харин тив дэлхийд үлдэж хоцорсон хүмүүс нь тэрийг мэдэрдэг. Харамсмаар зүйл бидний амьдралд их тохиолдсон. Үүний нэг нь би. Харин өнөөдөр баярлахаар зүйл бидэнд ирж байна. Энэ бол боломж. Манай эмнэлгийн эмч нар гайхамшигтай.
 
Мэдлэг, ур чадвараараа хаана ч гологдохгүй. Харин бидний техник, технологи, өнөөдрийн амьдралын боломж тааруу. Хамгийн гол нь ийм боломж ирсэнд баяртай байна. Энэ бүхнийг дуу хоолойгоороо түгээнэ. Хөгжмийн зохиолч Х.Балхжав гуай “Эрүүл монгол” хөтөлбөрийн аянд нэгдэж сайхан дуу, аялгуу зохиох болно. Үүнийг нь би дуулах гэж байгаа. Дээгий нь үүнийг тойроогүй дайраад гарсан болохоор чин сэтгэлээсээ дуулна гэж бодож байна. Монголын ард түмэн, дэлхийн хүн төрөлхтөн эрүүл байх болтугай.
 
Миний амьдралын 18 жилийн хайр, охины минь ээж, миний амьдралын өмөг түшиг болсон хос багана минь байлаа. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байна. Үлдэж байгаа, өвчилсөн хүмүүсийг эрүүл байлгахын төлөө бид нэгдэх нь чухал. Тиймээс өөрөө өөртөө анхаарч эрүүл бай. Өөрөөс чинь илүү өөрийг чинь мэддэг бурхан ч байхгүй. 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин