sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын Худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн О.Амартүвшинтэй эдийн засгийн өнөөгийн байдал, нийслэлийн хөрөнгө оруулалтын шийдэл, бизнесийн чиглэлээр ярилцсанаа хүргэе.
 
-НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг  өнгөрсөн сард амжилттай зохион байгууллаа. Тус чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?
 
- НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран дээрх чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгууллаа.  Энэ удаагийн чуулган маш олон оролцогчидтой байсан нь тогтвортой форум болсныг илтгэлээ. Хот хөрөнгө оруулалт, худалдан авалтаа нээлттэй зарласнаар хувийн хэвшлийнхэнтэй ойртож хамтран ажиллах боломж бүрдэж байна. Улаанбаатар дэлхийн бусад хотуудтай харьцуулбал сул хөгжилтэйд орно. Энэ нь нэг талаасаа Улаанбаатарт маш их хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг илэрхийлж буй юм.
 
Манайхан зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг л ярьдаг. Тиймээс өнөө цагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт төвлөрөх ёстой. Үүнийг хийхийн тулд нийслэл хууль эрх зүйн орчноо ил тод байлгаж, нээлттэй байснаар дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх юм.Улмаар дотоодын хөрөнгө оруулагчдаар дамжин гадны томоохон төсөл орж ирэх боломжтой учир хөрөнгө оруулалтын чуулган үүнд нөлөө үзүүлнэ гэж харж байна.
 
- Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт 25 хувиар буурсан тааруу үзүүлэлт гараад байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гол хөшүүрэг нь юу вэ?
 
-Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшил гэсэн хоёр ангал үүссэн. Хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд хууль эрхзүйн тогтвортой байдал, бизнес эрхлэх орчныг сайжруулах, эрхийг хамгаалахад төр баталгаа гаргаж ажиллах ёстой.
 
Эдийн засаг тэлэхийн хэрээр дотоодын хөрөнгө оруулагчид гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, хөрөнгө татах эхлэл тавьсан. Энэ хүрээнд санхүүгийн нөөц бий болгох, зээл олгох асуудлуудыг шийдэх боломж бүрдсэн. Гэтэл гадны хөрөнгө оруулалтын тухай хуулиас эхлээд хэд, хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Улмаар төр хүчээр хяналт шалгалт явуулан гадны хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зогсоох, дансыг нь барих ноцтой үйлдлүүд гаргасан нь бүхэлдээ хөрөнгө оруулагчдыг үргээх суурь болсон. Өнөөдөр энэ хүмүүсийн итгэлийг буцааж сэргээнэ гэдэг бол үнэхээр хүнд.
 
Урт хугацааны тогтвортой амлалтууд өгч, үйлдлээрээ харуулсны дараа итгэл сэргэнэ. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчид хэт ашгийн хойноос хөөцөлдөөд байдаггүй, урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг харж хөрөнгөө оруулдаг. Дэлхий даяар хөрөнгө мөнгө татахын тулд бүгд чармайдаг. Биднээс илүү сайн нөхцлийг тавьсан Зүүн Ази, Мянмарь, Мозамбик улсууд руу хөрөнгө оруулалт эргэчихлээ. Энэ итгэлийг сэргээхийн тулд эхлээд дотоодын хөрөнгө оруулагчидтайгаа маш сайн ойлголцох хэрэгтэй. Үүгээр дамжиж гадныхан их орж ирнэ. Аль болох таатай, шударга, дэмжиж ажиллавал хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Харин сарын дараа ярьснаа мартаад, гэрээгээ зөрчөөд мөнгөө төлөхгүй, үл хүндэтгээд байвал хэн ч  хөрөнгө оруулахгүй.
 
-Нийслэлээс 2017 онд хийх төслүүдээ танилцууллаа. Үүнд хувийн хэвшлийнхэн  хэр оролцохоор байна вэ?
 
 -Чуулганаар Улаанбаатар хот  шууд худалдан авалт хийх хөтөлбөрүүдээ танилцууллаа. Ил тод зарлаж байгаа учраас компаниудаа ч нээлттэй  шалгаруулах нь дамжиггүй. Ер нь Улаанбаатарт олон сая тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг бид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадны хөрөнгө оруулалтыг татаж байж л хийнэ. Уг нь нийт дүнгээр нь харвал тийм ч их хөрөнгө оруулалт биш. Гэхдээ бусдын итгэлийг даасан цагт их хэмжээний хөрөнгө орж ирнэ. Бид  нийлж төлөвлөөд тал талаасаа зүтгэвэл болохгүй зүйл байхгүй.
 
- Хөрөнгө оруулалтын чуулганаар танилцуулсан төслүүдээс хамгийн чухал нь юу байв.  Бизнес эрхэлдэг хүний хувьд аль төслийг илүүд үзэж байгаа вэ?
 
-Чухлаар тавигдах асуудал бол утааны эсрэг тэмцэх төсөл юм. Улаанбаатар хотын утааг байхгүй болгохын тулд гал түлэхгүй байх нөхцлийг л бүрдүүлэх ёстой. Айлуудыг битгий галаа түл гэхээс илүүтэй хот дулааных нь хэрэгцээг хангах ёстой. Энэ шийдэл дээр UFC групп нэлээн ажиллаж байгаа. Европын орнуудын шинэ дэвшилтэт технологийг их судалсан. Эл шийдлүүдийг  санал болгоод байна.
 
“Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар танилцуулсан төсөлд дурдсанаар бол газрын гүний дулааны цахилгаан станцын асуудлыг ихэд хөндөж байгаа юм билээ. Энэ мэт хэмнэлттэй шийдлээр асуудлыг богино хугацаанд хийх нь чухал. UFC групп нэгдсэн байдлаар ийм төслийг санал болгож байгаа. Хэрвээ дэмжигдвэл бид европын холбооноос хөрөнгө оуулалтаа татаж, хувийн хэвшил төрийн түншлэлийн хүрээнд  ажлыг эхлүүлэх боломжтой.
 
- ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улс  хэрэгжүүлэхээр боллоо. Эцсийн дүндээ монголчуудад ямар үр ашиг  үлдэнэ гэж та харж байна?
 
-Дундаас дээш орлоготой иргэд болон бизнесийнхэнд асар хүндээр тусч байгаа. Эцсийн дүндээ цахимгүй цахилгаан хотыг бий болгохтой адил юм. Төрийн үрэлгэн зардал сүүлийн үед нэмэгдсэн. 180 мянган хүн төрд ажиллаж буй нь үрэлгэн ажлынх нь нэг хэсэг.  Санхүүгийн сахилга бат, зөв нийгмийг өөрсдөө  цогцлоох боломж бий. Энэ олон нийгмийн халамжуудыг зогсоогоод зоригтойгоор асуудлыг шийдэх боломж байсан. Хамгийн ноцтой нь нийгмийн давхарга бүрт бий болсон авлигын асуудал эдийн засгийг хүндрүүлж байгаа шүү дээ. Зардлаа хянаж чадалгүйгээр зөвхөн орлого талдаа анхаарах нь буруу юм. Энэ нь саальтай үнээгээ төхөөрөөд идэхтэй ялгаагүй юм. Үнээний сүү эзэндээ тасралтгүй ашиг өгөхийг тооцохгүйтэй агаар нэг бодлого олон жил явж ирлээ. Энэ бүх замбараагүй байсан асуудлыг Олон улсын валютын сан шийдэх гэж байгаа нь сайн талтай.
 
- Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж байсан. Энэ тухайд?
 
 - Өнөөдөр дайн байлдаантай ноцтой нөхцөл байдалд орсон орнууд л ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр манай улс төрчид улс орноо ийм үнэмшихээргүй хэцүү арга барилаар удирджээ гэж дүгнэж болно. Гадныхан үүнийг харж л байгаа. Монголд хөрөнгө оруулалт шууд орж ирэх нь юу л бол. Дэлхий дахин манайд хөрөнгө оруулалт хийх үү гэдэгт толгой сэгсэрч байна. Гадны олон төсөл, хөтөлбөр орж ирээд төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас болж алдагдал хүлээсэн. Нөгөөтэйгүүр төр засаг дөрвөн жил тутамд солигдож өмнөх хийснийгээ үгүйсгээд байвал улс орон хөгжихгүй, хөрөнгө оруулалт ч орж ирэхгүй. Бид харилцан ойлголцож, хатуу байр суурьтай байсны эцэст  хөрөнгө оруулалт татна. Үүнийг бий болгоход олон улсын хяналт хэрэг болох байх.
 
- Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол хэр байна?
 
- Аль ч орны хөрөнгө оруулагчдад Монгол ойрын хугацаанд хүндрэх магадлалтай. Урт хугацаандаа хамгийн боломжтой, татвар хэмнэсэн улс болж чадна гэсэн хүлээлт байна. Гол нь тэд манай улс төрчдийн хөнгөн шийдвэрээс ихэд болгоомжилдог. Түүнчлэн Монголыг  урт хугацаанд сонирхох нь дамжиггүй. Эдийн засгийн хөгжил Хятад, Орос руу шилжчихлээ. Оросын эдийн засаг эргээд сэргэж байна. Хятад улс бол хамгийн том худалдан авагч юм. Тиймээс энэ хоёр улс руу бид байгалийн түүхий эдээс гадна экологийн цэвэр хүнсний нийлүүлэлт хийх талаар  ярьж эхэлмээр байна. Бид үүнийг шийдэж, хэрэгжүүлж чадвал байгалийн баялгаас илүү том зах зээл нээгдэх юм.
 
-Монголын компаниуд томоохон төсөл дээр ажиллахад туршлага дутаж байна хэмээн гадны мэргэжилтэн ярьж байсан удаатай. Компаниудын чадамжийн талаар та юу хэлэх вэ?
 
-Манайд маш олон компани үйл ажиллагаагаа явуулж байна. Дундаж компанийн түүхийг яривал 20 жил л болж байна шүү дээ. Мэдээж хэрэг суралцаж байгаа. Хангалттай сайн ажилладаг нь ч бий. Бизнесээ эхлээд явж буй компаниуд олон байна.Тэдэнд туршлагжих хугацаа хэрэгтэй. Харин Япон, Америкийн компаниуд байгуулагдаад 100 жил болж байх жишээтэй. Үйл ажиллагаа нь стандартчилагдсан, улс орных нь бодлого тогтвортой гэдгээрээ тэд давуу талтай. Монголын бизнесийнхний хувьд төрөө даган хувьсаж байна.
 
- Бизнес эрхлэгчдэд  тулгарч байгаа гол бэрхшээл юу байна вэ?
 
-Бизнес эрхлэгчдийн хувьд төрийн олон шат дамжлага цаг хугацаа алдуулж байна. Эдийн засаг хүндэрснээс болж бүх компани ажлын байраа хумилаа. Ажлын байр цөөрч, ажилгүй иргэдийн тоо нэмэгдлээ. Энэ болгон  эдийн засгийг хумих хөшүүрэг болж байна. Дээрээс нь иргэд маань байр машины зээлтэй амьдарч байгаа. Орлогынхоо 50-60 хувийг шууд банкинд хийж байна шүү дээ. Ингэснээр хэрэглээний эргэлтэнд оруулах мөнгө нь багасч байна гэсэн үг. Үүний цаана зах зээл дэх өргөн хэрэглээний бараа хумигдлаа. Үүнээс дүгнэвэл ихэнхи компанийн орлого 30-40 хувь буурч байгаа нь шууд харагдана. Энэ нь эцсийн дүндээ баялаг үгүй болж байгаатай агаар нэг юм.
 
Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа 5-10  жилээр төлөвлөж явдаг. Гэтэл өнөөдөр төлөвлөх ямар ч боломжгүй. Үүний цаана тогтворгүй төрийн шийдвэрүүд бизнесийнхэнд асар их дарамт болж буйтай холбоотой. Санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулалтын удирдлагын сахилга батаа мөрдөж чадаагүйгээс гарсан алдааг иргэд, хувийн хэвшлийнхэн үүрэх нөхцөл үүсээд байгаа. Гэхдээ бизнесийнхэн эдийн засгийн хүндрэл тодорхой  үеийг л туулна гэсэн хүлээлттэй байна. Хэтдээ хүндрэл зогсож, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх гэрэл бий. Гол нь хүнд үед оновчтой шийдлээр ажиллах нь  эдийн засаг эргээд сэргэхэд  тулах цэг нь  болно. Бизнесийнхэн Монголын ирээдүйд итгэлтэй байгаа. Тиймээс олон салбарт шинэ үйл ажиллагаагаа явуулж, судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
 
 -Бизнес эрхлэгчдийн хувьд валютын ханшийн өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Ханш эрэлт, нийлүүлэлт дээр тогтох ёстой. Валютын ханшийн савалгаа хүндхэн тусч байна. Ам.долларын ханш өндөр, багадаа биш тогтвортой байх нь чухал.  Өнгөрсөн оны мөн үеэс доллар 30-40 хувиар  өслөө. Энэ нь  экспортын баримжаатай улсад эерэгээр нөлөөлнө. Харин манай импортын баримжаатай улсад хүндхэн тусч буй юм. Монголд химийн үйлдвэр, боловсруулах үйлвэр хөгжөөгүй учир суурь түүхий эдээ бид гаднаас авдаг болохоор үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст халтай. Тиймээс ханш тогтвортой байх нь бизнес төлөвлөхөд чухал нөлөөтэй.
 
-Төр хувийн хэвшил концессын гэрээгээр томоохон ажлуудыг гүйцэтгэх болсон. Зарим бизнес эрхлэгчид одоог хүртэл санхүүжилтээ  авч чадахгүй хохирч байна гэсэн мэдээлэл бий. Үүнд Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хэр анхаарал хандуулж байна?
 
-Аливаа гэрээ хэлэлцээрт захиалагч, гүйцэтгэгч гэсэн хоёр тал оролцдог. Өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэд арбитр байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Арбитраар бүх гэрээ хэлэлцээг шийддэг болсноор талуудын эрх ашгийг харгалзах, олон улсын стандартад шилжих боломж бүрдээд байна. Арбитрын тухай хуулинд Хотын Худалдааны танхим бизнесийнхний саналыг нэлээн сайн тусгуулсан. Хууль бэлэн болчихлоо. Харин одоо бизнес эрхлэгчид аливаа гэрээ хэлцлийг хамтарч шийдэх нь чухал. Мөн гадны түншүүдийн хувьд Монголд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдлээ.
 
-Иргэн хүнийхээ хувьд хотын хөгжлийг хэрхэн төсөөлдөг вэ?
 
-Хотын хөгжил  гэр хорооллыг барилгажуулах, нийтээрээ сайхан амьдрах дэд бүтцийн тогтвортой нөхцлийг хангаж байж л бий болно. Эцсийн зорилго нь л энэ юм.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг