Улаанбаатар / МОНЦАМЭ/. Цагаан сар, Мартын 8-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьсан хүний тоо харьцангуй цөөн байсан бол цэргийн баяраар согтуурсан  жолооч нэмэгдсэн гэж ЗЦА-аас мэдээллээ.
 
Гуравдугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 16, онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд 10 хүүхэд өртсөн байна. 
 
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэж замын цагдаагийн албаныхан онцлоод дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн гэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг