sonin.mn
НЬЮ-ЙОРК./Reuters/. АНУ-ын тэрбумтан, нигүүлсэнгүй үзэлтэн Дэвид Рокфеллер Нью-Йорк хотын Понкантико Хилл дэх гэртээ унтаж байгаад 101 насандаа  өөд болжээ.
 
Д.Рокфеллер Америк даяар алдаршсан гэр бүлийн удмын хүн бөгөөд “Standart Oil” компанийг үүсгэн байгуулагч Жон Рокфеллерийн ач хүү нь юм.
 
Бизнес болон хүмүүнлэгийн ажлын аль алийг нь эрхэлдэг байсан тэрбээр гэр бүлийнхээ хөрөнгийг хариуцдаг байжээ.
 
Д.Рокфеллер хэзээ ч улс төрийг сонирхож байгаагүй бол харин түүний хоёр ах нь засгийн газарт ажилладаг байжээ. Нельсон Рокфеллер нь Нью-Йоркийн амбан захирагчаар ажиллаж байгаад АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Харин Винтроп Рокффелер Арканзас муж улсын амбан захирагчаар ажиллаж байв.
 
Д.Рокфеллер 1936 онд Харвардын их сургуулийг төгссөн ба 1940 онд Чикаго хотын их сургуульд эдийн засгийн докторын зэрэг хамгаалжээ.
 
Тэрбээр хожим нь “JP Morgan Chase” гэдэг нэртэй болсон “Chase” банкинд Дэлхийн II дайнаас өмнө ажиллаж байсан юм. 1961 онд компанийнхаа ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр 1969 онд Ерөнхий захирал болсон байна. Олонд нэртэй болсон тэрбээр гадаад орнуудын эдийн засагт дэмжлэг үзүүлснээр Америкийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийг бий болгосон юм.
 
Түүний удирдаж байсан “Chase” банк нь тэр үеийн ЗХУ болон Хятад улсад нээгдсэн Америкийн анхны банк байлаа. Нью-Йорк хотод Дэлхийн худалдааны төв байгуулах төслийг санаачлагч нь Д.Рокфеллер байв.
 
Тэрбээр 1981 онд 65 насандаа тэтгэвэрт гарчээ. Рокфеллер хүмүүнлэгийн ажил болон урлагийн салбарынханд санхүүгийн тусламж үзүүлэхээ хэзээ ч мартдаггүй нэгэн байлаа. 
 
Орчин үеийн урлагийн музейтэй түүний гэр бүлийнхэн нягт харилцаатай байжээ. Түүний анхны хувийн цуглуулга нь 500 сая ам.доллараар үнэлэгдэж байлаа.
 
2015 онд тэрбээр 100 насны ойгоо тэмдэглэх үеэрээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох 1000 акр талбайтай хувийн эдлэн газраа Мэн муж улсад бэлэглэж байжээ.
 
1998 онд түүний өгөөмөр үйлсийг үнэлж Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор шагнан, Америкийн хүндэт иргэн болгосон байна. Тэрбээр зургаан хүүхэдтэй бөгөөд эхнэр Маргарет нь 1996 онд нас баржээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг