sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Томоохон төслүүдээ хэзээнээс хөдөлгөх гэж байна вэ. Долоо, наймдугаар сард эхлэх ТЭЗҮ нь бэлэн төсөл байна уу. Монголбанк бодлогын хүүгээ буулгах цаг нь болсон. Өнөөдөр Засгийн газрын бонд 13-14 хувь байхаар Хөрөнгийн бирж ажиллахгүй, банкууд зээл олгохоо больсон” гэсэн асуулт тавив.
 
Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, "Зэс хайлуулах үйлдвэрийг Оюу-Толгойн баяжуулах үйлдвэрийн дэргэд байгуулахаар болсон. Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болсон. тус үйлдвэрийн ТУЗ нь яаманд хандвал цааргалах асуудал байхгүй. Тавантолгойн хувьд, ус, эрчим хүч гэх зэрэг уг төслийг тойрсон асуудлууд шийдэгдэж байж төсөл хөдөлнө. Гачууртын ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хэлэлцээрийн шатанд явж байна"гэсэн хариуг өгсөн юм.
 
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Мөнгөний бодлогын хүүг бууруулахаар ярилцаж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад хоёр хонож байна. Иймд ОУВС-тай энэ талын яриаг эхлүүлсэн. Зургадугаар сард бид хуралдаж шийдвэрээ гаргана" гэлээ.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд нь өндөр хангамжтай, их өртэй байгаа талаар хувьцаа эзэмшигчдэд бодит мэдээлэл өгөх хэрэгтэй" гэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, " “Эрдэнэс Монгол” компани нь дэргэдээ 11 компани харьяалдаг. Энэ бол Засгийн газар шинээр хийсэн ажил биш. Компани өмнө нь явж ирсэн зарчмаараа ажиллаж байгаа. "Эрдэнэс Монгол"компанийн харьяалж байгаа компаниудын чадамжийг сайжруулах бий. Шаардлагатай гэвэл мэдээллийг УИХ-ын гишүүдэд хүргүүлье. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг атлаа удирдлагын цалин хангамж нэмэгдсэн үзэгдэл өнгөрсөн 4 жилд их гарсан. Тиймээс удирдлагын цалинг 40-60 хувиар бууруулсан. Алдагдалтай ажилаж байгаа компаниудад шалгалт оруулж байгаа" гэв. 
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг