sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалаар үргэлжилж байна. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эдийн засгийн сэргэлт иргэдэд хэдий хугацаанд мэдрэгдэх, томоохон төслүүдээ хэзээ хэрхэн хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх талд салбарын яамд ямар ажил хийх талаар тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Бизнесийн салбарт харагдаж байаа эдийн засгийн эерэг өөрчлөлтийг ирэх жилээс ард иргэдийн амьдралд мэдрүүлэхээр зорьж байна” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Том төслүүд гэж оруулах хөрөнгө оруулалт, эдийн засагт өгөх өгөөжийг нь хэлж байгаа юм. “Оюутолгой”, “Тавантолгой”-г томоохон төслүүд гэж нэрлэж байгаа. Төрийн өмчит компанийн зүгээс тодорхой шийдэл гаргаад ирвэл шийдвэрлээд явах бололцоотой.  Энэтхэг улсаас авах зээлийн хөрөнгөөр Сайншандад Газрын тос байгуулах үйлдвэрийг байгуулахаар тогтоол нь батлагдсан. 2017 оны дөрөвдүгээр улиралд ТЭЗҮ-ийг боловсруулж гаргаж ирэхээр тендэр зарлаад ажиллаж байна. Зүүн талаас татах турба, хоолойн ТЭЗҮ-ийг өмнө нь гаргасан байсан. Засгийн газраас төрийн өмчит компанийг байгуулсан. Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл гэрээний дагуу явж байгаа” гэж хариулав. 
 
УИХ-ын зарим гишүүд Оюутолгойн гэрээ болон 34 хувийн үр ашгийн талаар тодруулж байв. Үүнд 
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариулахдаа “Оюутолгойн гэрээн дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед “Дубайн гэрээ” байгуулсан. Энэ нь Монгол Улсад хүртэх 34 хувийн үр өгөөж, ашиг тусыг цаг хугацааны хувьд хойшлуулсан. Монгол Улс 34 хувийн үр өгөөжөө ийм удаан хугацаанд хүртэх юм бол зарвал яасан юм бэ гэсэн асуудал ч гарч байна. Энэ бол УИХ-ын шийдэх асуудал. Засгийн газар бол саналаа оруулах эрхтэй. Гэхдээ энэ бол тийм амар шийдэгдэх асуудал биш. Бүх талын байр суурь, ард иргэдийн санаа бодлыг ч сонсох ёстой” гэж хариулав.
 
УИХ-ын гишүүн Б.Ундармаа аялал жуулчлалын салбарт ямар ажил хийгдэхийг тодруулахад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийнхний нуруун дээр байгаа. Энэ чиглэлээр төрөөс гадаад хамтын ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр Монгол-Орос-Хятад гэсэн аялал жуучлалын коридор байгуулж ажиллана” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
  
УИХ-ын гишүүн Б.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, зардлыг хянаж буй эсэхийг асуухад Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн дагуу дүгнэлт гаргасан. 2030 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх цогц бодлого, зардал үнэн бодитой байх, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай нийцэж байна уу гэдгийг хянаад СЕХ-нд хүргүүлсэн” гэв. 
 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин арилжааны банкуудын зээл хэвийн олгож байгаа эсэх, ирэх онд Улаанбаатар хотын бүх өрхийг цахилгаантай болгоно гэсэн зорилт хэрхэн биелэх, 10.8 их наядын алдагдалтай байгаа улсын үйлдвэрийн газруудыг хэрхэх зэрэг асуулт тавив. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Арилжааны банкуудад зээл олголт хэвийн байгаа. Цалин, тэтгэвэр барьцаалсан зээл хурдтай явж байгаа. Монголбанкнаас сар бүр ипотекийн зээлийн төсвийг банкуудад өгч байгаа. Иргэд аж ахуй нэгж валютаар зээл авах явдал ихсэж байна” гэж хариулсан бол Эрчим хүчний сайд Ц.Ганхүү “Улаанбаатар хотын хэмжээнд 8200 орчим цахилгаангүй айл өрх  байна гэсэн тооцоо өнгөрсөн оны 10 дугаар сард гарсан. 1600 орчим айл өрхийг цахилгаанаар хангасан. Энэ жил 6000 орчим айл өрхийг цахилгаанаар холбоно. Жилд 4000 айл өрх шилжин ирдэг. Тиймээс  жил бүр тооцоо судалгаа гарган төсөвлөөд явах боломжтой”, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор “2017 онд хийх объектуудын хувьчлах төслийг Засгийн газарт өргөн  барьсан. Яамдын санал авсан. 2017-2020 оны хөтөлбөрийг УИХ шийднэ. Бид цаашдаа 20 орчим компанийг бүрэн хувьчлахаар тусгасан” гэж хариуллаа. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл 2018 оны мөнгөний бодлоготой хэр уялдаж байгааг асуухад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2018 оны Мөнгөний бодлогын баримт бичгээ боловсруулах ажил эхлээд байгаа. Засгийн газраас өргөн барьсан нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх баримт бичигтэй зарим тоо зөрүүтэй байгаа. Засгийн газар инфляцийг 6.4 хувь гэсэн. Монголбанк ерөнхийдөө инфляцийг 8 хувьд төсөөлж байгаа. Намрын чуулганаар дахин нягтлан оруулж ирнэ. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөөлөл, зорилтот үзүүлэлт хоёр өөр гарах байх” гэлээ. 
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг