sonin.mn
Чөлөөлөх дайны дараа нас барсан япончуудыг манай улсын нэр бүхий 17 газар оршуулсан бөгөөд нийт 1612 шарил байсан, сураггүй болсон нэг япон цэргийг нас барагсдын тоонд оруулан тооцсон гэсэн мэдээлэл бий. Дээрх 17 газрын нэг нь Дамбадаржаагийн цаахна, нийслэлийн иргэдийн зуслангийн газартай хаяа нийлэн оршдог юм. Тэнд харуул хамгаалалт байсангүй. Төмөр хаалган дээр “Mongolian Red Cross Society” хэмээн англиар бичиж, ДООД талд нь япон үгс бичжээ. Б.Нэргүй хэмээх эр 16 жилийн турш Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборт ажиллаж буй юм байна. Тэрбээр цогцолборыг засч шинэчлэн тохижуулж буйг мэдээлж, ерөнхийд нь тайлбарлана.Тэртээ 2001 оны намар уг цогцолборыг Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яам, Хотын захиргаа, Японы Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн яам хамтран байгуулжээ.1945 оны дайны дараах Монгол оронд ажллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу зургаан удаагийн цуваагаар 12300  гаруй олзлогдсон япон цэрэг тэр жилийн намар монголын газар нутагт хөл тавьжээ. Тэдний хэргийг хамаарах тусгай газрыг байгуулан, даргаар нь хошууч генерал Б.Сосорбарамыг томилж, олзлогдогсдыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Жаргалантын САА, Улаанбаатар хотын зарим үйлдэр, аж ахуйн байранд байрлуулахаар болжээ. Мөн Дамбадаржаа амралтын газрыг эмнэлэг болгон ашиглахаар шийдэрлэсэн байна. Аж үйлдвэрийн комбинатын арьс шир, эсгий боловсруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт 700 хоригдол, Шохойн цагаан булагийн шохойн үйлдвэрт  90, Сүхбаатар шүдэнзний үйлдвэрт 200 хоригдол, бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулжээ. Олзлогдогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэй 1000 орчим хүн, мөн огт мэргэжилгүй хүн ч олон байжээ.1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн  этгээдүүдийг Монголд үлдээн, хожим 1957 онд Хятадаар дамжуулан нутаг буцаасан аж. Албан ёсны тоо баримтаас үзэхэд, монголд нийт 1613 олзны япон нас барж, Дамбадаржаа, Хужирбулан, Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Өгийнуур зэрэг 16 газарт оршуулжээ. 1962 оны есдүгээр сард энэ цогцолбор газарт анх удаа япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.1971 онд Японы талаас булшин дээр тухайн нас барсан хүний нэрийн пайзыг тавих тухай асуудлыг хөндөж, 1982 онд эхний ээлжинд Дамбадаржаад нутаглуулсан 800 гаруй хүнээс нэр нь тодорхой болж батлагдсан 614 хүний булшин дээр нэрийнх нь пайзыг байрлуулжээ. 1991 онд Японы тал Монголоос олзлогдогсдынхоо шарилыг эргүүлэн авах тухай хүсэлт тавьжээ. Энэ дагуу 1994 онд Японоос тусгай мэргэжилтнүүд ирж, Хужирбуланд зөөн авчирч чандарлаад, эх орон руугаа авч явсан байна. Одоо тус цогцолбор дахь музейд нас барсан цэргүүдийн нэрийн пайз  үлджээ. Цогцолборын хананд “Нас барсан япон хүмүүсийн  дурсгалд зориулсан гэрэлт хөшөө, Их дайны дараа 1945- 1947 он хүртэл хугацаанд эх орондоо харихыг хүсэн мөрөөдөж, энэ газар нутагт нас барсан япон хүмүүс та бүхнийг санан дурсаж, энх тайвныг хүсэн эрмэлзсэн санаа бодлыг тань хамтатган санаж энэхүү дурсгалын цогцолборыг байгуулав. Хэйсэй-гийн 13 дугаар оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Япон улсын Засгийн газар” гэсэн үг бүхий самбар байрлуулжээ.
 
 
ДИЙЛЭНХ  ОЛЗЛОГСОДЫГ БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛД ДАЙЧИЛЖЭЭ
 
Японы олзлогдсон 12 мянга гаруй дарга, цэргийг 1945 оны сүүлчээр монголын тал хүлээн авч, ажиллуулж байжээ. Тэдний дотор ахлах офицер 15, дунд офицер 678, бага дарга 2178, цэрэг 8079, энгийн албан хаагч 1368 байсан аж. Олзлогдсон япон цэргүүдийн 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулж байсан нь хотжих үйл явц эхэлж байсан нөхцөлд ажиллах хүчнээр хангаж, нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг илтгэсэн засаг захиргаа, олон нийтийн томоохон барилгуудын суурийг тавих ажлыг эхлүүлжээ.
Олзны япон цэргүүдээр Засгийн газрын ордон, Улсын төв театрын барилга, МУИС-ийн зарим барилгыг бариулсан аж. Мөн Гадаад яамны байшин, Төв поликлиник, нэгдүгээр амаржих газар, Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр /одоогийн Хөрөнгийн бирж/, “Алтай” зочид буудал /одоогийн Засаг даргын тамгын газар/ зэрэг Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны барилгуудыг барихад оролцуулсан гэсэн баримт бий. Түүнчлэн олзлогдсон цэргүүд МУИС-ийн дотуур байр, мөн багш нарын байр, сургуулийн хүн, мал эмнэлгийн газрын барилгыг барьжээ. Эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байсны дотор цэцэг, гэдэсний жижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгуудыг 1946, 1947 онуудад хүн бүрт хийсэн аж.
Олзлогдсон япон цэргүүд 1947 оны аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж, нийт 10705 хүнийг өвлийн бүрэн хувцастайгаар ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. ЗХУ-аас Японы олзлогдогсдыг эх нутагг нь буцаах үйл явц 1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлогдогсдыг буцаах асуудалд ЗХУ-ын тал  ихээхэн анхаарал хандуулах болжээ. Ийм үед Японы олзлогдогсдыг Монголд байлгах хугацааг уртасгахыг Монголын талаас ЗХУ-д хүсэлт болгож, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал Ерөнхий сайд Х.Чойбалсанд Москвагаас ирсэн цахилгаан утсандаа “Гадаад яамны орлогч сайд Маликтай уулзаж, манайд байгаа олзлогдсон япончуудыг энэ жилийн дулааны улирлыг дуустал барилга дээр ажиллуулбал бидэнд ихээхэн ашигтай" учрыг хэлсэн  гэжээ. Ингээд Зөвлөлтийн тал “ 1947 оны хавар олзлогдсон япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөноны намар хүртэл хойшлуулсан байна. Энэ асуудал нь Монгол,Японы дипломат харилца тогтоох үеийг хүртэл харилцааны гол сэдэв болж байсан бөгөөд хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал, 1956 оноос эхпэн хоёр орны харилцаанд нааштай алхмууд хийгдэж, Японы тал БНМАУ-д олзлогдсон япон цэргүүдийн шарил эргэх ёсыг гүйцэтгэхасуудлыг анх 1958 онд тавьж, Монголын талаас байгуулагдсан Тусгай комисс олзлогдсон япон цэргүүдийн шарилыг тодруулж, тогтоон акт баримт бүрдүүлжээ.
1962 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Засгийн газартай холбоо барихаар Монголд ирсэн Японы анхны хоёр дипломатч Такаши Хасагэва, Шиничи Укэда нарын тэргүүлсэн нас барагсдын гэр бүл, төрөл садны 8 хүнийг багтаасан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга, АИХ-ын орлогч дарга, МУЗН-ийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, япон цэргүүдийн булшийг эргэжээ. Олзлогдогсдын дотроос үлдсэн хүн байхгүй, харин 1945 оны дайны үед баривчлагдсан найман хүнээс хоёр нь олзлогдогсодтой хамт буцсан, дөрвөн японыг 1945 оны сүүлийн хагаст БНХАУ-д хүлээлгэн өгчээ. Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгдсэн байдаг аж.
 
Б.НЭРГҮЙ: ЯПОНЫ ХОЁР ХУНТАЙЖ, ГУРВАН ЕРӨНХИЙ САЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛСЭН
 
Та цогцолборт хэдийнээс эхэлж ажилласан бэ?
 
-16 жилийн турш энэ цогцолборт ажиллаж байна.
 
Хичнээн тооны япон цэргийн булш байсан юм бэ?
 
-1945-1949 оны хооронд 835 ширхэг шарил байсан байдаг. 1999 оноос хойш хөшөө бариад, япон хүмүүс их ирж мод тарьдаг болсон. Ирэх хавар цогцолборыг шинэчлэн тохижуулах ажил эхэлнэ. Усан оргилуур хийж, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам гээд бүгдийг солино.
 
Япончууд их ирдэг үү?
 
-Хөл тасардаггүй. 6-10дугаар сард зочид, үзэж сонирхохоор олон хүн ирдэг. Ялангуяа зуны улиралд ирсэн япончууд явахгүй их удна. Зарим нь мөргелийн тавцангийн өмнө суугаад, бүр цамцаа дэвсээд хэвтээд өгнө шүү дээ.
 
Японоос ямар хүн ирж анх хүндэтгэл үзүүлж байсан бэ?
 
-1966 оны наймдугаар сарын 25-нд Хасагэва тэргүүтэй 16 төлөөлөгч ирж хүндэтгэл үзүүлж байсан.
 
Японы томчуулаас ирж байсан уу?
 
-Одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэ сая Монголд ажлын айлчлал хийхдээ энд ирж хүндэтгэл үзүүлээд явсан. Хоёр ирэхдээ хоёуланд нь ирж байгаа юм. 1991 онд Кайфу ерөнхий сайд анх ирсэн. Хоёр жилийн өмнө Японы эзэн хаан цэцгийн баглаа явуулсан. 2007 онд хунтайж Нарухито, 2002 онд дүү Акишино нь ирсэн. Кайфу, Коизүми, Шинзо Абэ гээд гурван ерөнхий сайд нь ирж байлаа. Ер нь жил бүр л Японы парламентын төлөөлөгчид, эрх мэдэлтнүүд ирдэг. Ноднин Их хурлын гишүүд нь ирээд буцсан.
 
Япончууд энд ирээд яг ямар ёслол үйлдэж, хүндэтгэл үзүүлдэг вэ?
 
-Монголтой ер нь төстэй. Арц хүж уугиулж, сакэ архиа өргөдөг.
 
Энд байсан олзлогдсон цэргүүдийн булшийг нутаг руу нь буцаасан гэдэг?
 
-1947 оны намар нийт 10500 япон цэрэг нутаг буцсан. Буцахаасаа өмнө тэр харагдаж буй анхны цагаан хөшөөг босгосон. Ар гэрийнхэн нь нийт 2000 бурхан Монголд бүтээсэн гэдэг. Коизүми Японы Эрүүл мэндийн яамны сайд байхдаа бүх шарилаа гаргасан юм. 2004 оноос Халх голоос нэр нь үл мэдэгдэх дайчдынхаа шарилыг авсан.
 
Япончууд яагаад одоо болтол ач холбогдол өгөөд, мөргөөд байдаг юм бол?
 
-Хэдийгээр цэргүүдийнхээ шарилыг чандарлаж авч явсан ч сүнс нь энд оршдог гэж үздэг юм билээ.
 
Энэ цогцолборыг байгуулахад манайхан хэр  идэвхтэй оролцсон бэ?
 
-С.Зориг агсан Монгол, Японы парламентын дарга байхдаа байгуулсан. Энэ байгууламжуудыг С.Зориг агсны эхнэр Булган Дарханы барилгачдаар бариулж байсан. Харамсалтай нь манайхан гантигийг нь ухаж авах зэргээр нэлээд сүйдэлсэн удаатай. Манайхан ер нь ирээд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Өө япон цэргийнх юм уу гээд буцаад явчихдаг. Манай сонин хэвлэлийнхэн ч ирж байсан удаагүй. Анх удаа л та бүхэн ирлээ. Герман, Францын жуулчид, япончууд их ирж сонирхож, хүндэтгэл үзүүлдэг.
 
Та түрүүн хөшөө босгосон гэлээ. Яг хэдийд вэ?
 
-2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөшөөний нээлт болсон юм. Та бүхэн зун ирээрэй. Мод ногоороод их сайхан байдаг. Зургадугаар сарын 22-нд Японы төрийн далбаа мөргөлийн тавцангийн хананы орой дахь бөөрөнхий дээр хэрхэн манддагийг харж болно шүү.
 
Та их олон япон найзтай болсон байх аа?
 
-Тэгэлгүй яахав. Ирсэн хүн бүр надтай хамт зургаа авахуулдаг юм. Японы хоёр хунтайж, таван Ерөнхий сайд энэ цогцолборт ирж хүндэтгэл үзүүлж байсан. Зарим 60, 70 гарсан япончууд ерөнхий сайд, хунтайжийнхаа барааг нэг ч удаа хараагүй гэж ярьдаг. Тиймээс тэдэнтэй гар барьсан гэдэг утгаар намайг япончууд их хүндэтгэж харьцдаг юм. Япончууд надаас “Японд ямар монгол хүн их алдартай гэж бодож байна гэж асуудаг. “Сумочид байлгүй дээ” гэж хариулахаар, “Үгүй ээ, та шүү дээ” гэж хэлдэг юм.
 
Мөргөлийн тавцангийн цаана байгаа бөөрөнхий дэх чулуунууд ямар учиртай юм бэ?
 
-Чулуун дор нь цоожтой хаалга бий. Никель шаттай. Надаас өөр хүн орох биш. Япон цэргүүдийн чандрын дээж, эд өлгийн зүйлс байсан юм.Их сүрхий бодож байгуулсан бололтой. 
 
Монгол Улсын газрын зургийг чулуун дээр дүрсэлж, зүүн зүг рүү сум заасан байна?
 
-Бөөрөнхий чулуу нь дэлхийн бөмбөрцөг юм. Монгол Улсын газрын зургаас зүүн зүгт Япон орон бий гэдгийг илэрхийлж сум заасан байгаа. Энэ хана болгон дээрх дөрвөлжингүүд “Сакура цэцэглэж байна” гэсэн утгыг илэрхийлдэг. Энд мөн “Бурхны гэсгээлээр бус, бусдын эрхшээлд амь үрэгдсэн дайчдаа хүндэтгэе” гэсэн бичиг хүртэл бий.
 
Тэр баруун хойд талд байгаа хоёр том байшин таных уу?
 
-Үгүй үгүй, яалаа гэж дээ. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дэд дарга асан хүн надтай 16 жил цуг ажилласан юм. Гэтэл энэ газарт хоёр ширхэг хаус бариулаад, бүр цогцолборын нийт газрыг өөрийнхөө нэр дээр надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байсан. АТГ-аас шалгаж, бүх газрынх нь зөвшөөрлийг цуцалсан.
 
Д.Эрдэнэтуяа 
Эх сурвалж: "Соёмбо" сонин