Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 10-нд тангаргаа өргөж, албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэрээр Монголын ард түмнээс сонгогдсон тав дахь Ерөнхийлөгч болж буй юм. Түүнээс өмнө нийт дөрвөн Ерөнхийлөгч сонгогдон ажиллаж байсан бөгөөд эдгээрээс П.Очирбат, Н.Энхбаяр нар тус бүр нэг, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тус бүр хоёр удаа буюу улиран сонгогдож байв. Хачирхалтай нь дээрх дөрвөн төрийн тэргүүн асны хэн нь ч Ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөгдмөгцөө тэтгэвэртээ гарах буюу олон нийтийн төлөө үйл ажиллагаа явуулж, нийгмийн зүтгэлтэн болоогүй бөгөөд П.Очирбат Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Н.Багабанди "Оюу Толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Харин Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд 2011 оноос эхлэн МАХН-ыг сэргээн байгуулж, даргаар нь ажиллаж буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд ч юу хийхийг нь олон нийт анхааралтай ажиглаж буй нь нууц биш билээ.
 
Тэрээр энэ тухай Ikon.mn сайтын "Өглөөний хүн" буланд сэтгүүлч Ч.Болортуяатай ярилцах үеэрээ: " Өмнө нь Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд тэгнэ, ингэнэ гээд хэлчихсэн юм. Тэгсэн төрийн өндөр алба хашиж байсан, надад итгэл найдвар өгдөг хүмүүс намайг их загнасан. “Элбэгдоржоо энэ бол чиний өөрийн чинь ч биш Монголын ард түмний асуудал. Чамайг 27 жил улстөрөөр явуулсан нь Монголын ард түмний гавьяа юм. Чи сайндаа яваагүй юм. Чиний асуудал бол ард түмний мэдлийнх юм. Тийм учраас чи би ийм ажил хийнэ, хийхгүй гэж хэлэх эрхгүй” гэж маш олон хүн загнадаг юм билээ. Үүнээс болоод би бүх хаалга нээлттэй л гэж ярьдаг болоод байна...Олон улсын байгууллага, их дээд сургуулиас санал ирж байгаа. Түүнээс гадна Монголын иргэд, байгууллагаас ч санал ирж байна. Би нэг зүйлийг хэлье. Би Монголдоо байна. Ерөнхийлөгчийн ажлынхаа дараа Монголдоо үлдэнэ. Одоо надад үлдсэн гэх зүйл байгаа бол түүнийгээ Монголдоо л зориулна. Тэр олон улс, бүс нутгийн ажлыг Монголоосоо ч хийх боломж зөндөө." хэмээн өгүүлж байв. 
 
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албаа хүлээлгэж өгснийхөө дараа Ховд аймагт амарчээ.Энэ тухай ч  цаг тухайд нь Sonin.mn мэдээлж байлаа.
 
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрөөс гаралгүй, урьдын адил идэвхтэй үйл ажиллагаагаа ирэх намраас шууд үргэлжлүүлэх бололтой. Ингэхдээ давын өмнө Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээх гэнэ. 
 
Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. 
Тэрээр 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй. Ц.Элбэгдорж нь  УИХ-ын гишүүнээр гурван удаа, АН-ын даргаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, нийт найман жил ажилласан. Мөн Монголын Ардчилсан Холбооны Дарга, "Ардчилсан Холбоо" эвслийн тэргүүн, УИХ дахь МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвслийн бүлгийн дарга байв.
Ц.Элбэгдоржийг гүйцэтгэх засаглалыг толгойлж, хоёр ч удаа Ерөнхий сайдаар ажиллаж байх үед "Сэргээн босголт" банкны дампуурал, "Бороо голд" компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээ, Ардчиллын анхдагч С.Зоригийн аллага, Гаалийн Ерөнхий Газрын дарга асан Х.Баатарыг баривчлах үйл явц, Ардчилсан Нам УИХ-ын нөхөн сонгуульд оролцолгүй М.Энхболдыг  гишүүн болгох гэх мэт сайн муу олон үйл явдал болж байсан юм. Харин түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн найман жилд Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд чухам юу болсныг эрхэм уншигч та тодхон санаж буй биз ээ.
 
П.Энхмандах