sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” корпорацийн гүйцэтгэх захирал бөгөөд Захирлуудын зөвлөлийн дэд тэргүүн Квон О Хюн 2018 оны гуравдугаар сард огцорно гэдгээ өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжиллаа.
 
Квон нь “Самсунг Электроникс”-ийн хамгийн амжилттай яваа салбар болох хагас дамжуулагч төхөөрөмжийн үйлдвэрийн тэргүүний үүргийг мөн давхар гүйцэтгэдэг аж. Өнгөрсөн оны наймдугаар сард “Самсунг Электроникс”-ийн өв залгамжлагч бөгөөд гүйцэтгэх захирал Ли Жэ Ёныг авлигын хэргээр шалгаж эхэлснээс хойш тэрбээр үндсэндээ тус компанийг удирдан чиглүүлж яваа хүн юм.
 
Тэрбээр өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Би удаан бодсоны эцэст энэ шийдвэрээ гаргасан. Ийм шийдвэр гаргахад амар байгаагүй. Бид дотоод болон гадаад хүчин зүйлсээс улбаатай олон сорилттой нүүр тулгарч байна. Одоо манай компани бүхнийг шинээр эхэлж, шинэлэг сэтгэлгээтэй залуу үеийн тусламжтайгаар мэдээлэл-технологийн салбарын өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах нь зүйтэй гэж би бодож байна. Би “Самсунг Электроникс” корпорацийг цаашид авч явах залууст зай тавьж өгч байна” гэжээ.
 
Өдгөө 65 настай тэрбээр анх 1985 онд “Самсунг Электроникс”-т ажилд орж байжээ. Тэрбээр 2012 онд тус компанийн гурван гүйцэтгэх захирлын нэг болсон байна.
 
“Самсунг Электроникс”-ийн гүйцэтгэх захирлууд нь Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай хүмүүсийн тоонд ордог аж. Өнгөрсөн онд ноён Квон 6.7 тэрбум вон буюу 5.9 сая долларын цалин авчээ. Тус компанийн чипний борлуулалт энэ онд эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор олгосон урамшууллыг оруулаад тэрбээр энэ оны эхний хагаст 13.9 тэрбум воны цалин авсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг