sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг  89.9 хувийн саналаар дэмжиж, томиллоо.
 
УИХ-ын гишүүдээс С.Зориг агсны хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, хуулийн цоорхой, системийн гажуудлыг хэрхэн засч залруулах, зөв чиглэлд оруулах зэрэг талаар нэр дэвшигчээс асууж байв. Нэр дэвшигч Ц.Нямдорж харин эдгээр асуултад ширүүхэн хариулт хэлж байлаа. Тухайлбал тэрбээр “Олон улсын парламентчдын хурал дээр С.Зориг агсны хэргийн талаар олон зүйл ярьсан. Үүнээс нэг зүйл бүр их сэтгэл эмзэглүүлсэн нь энэ хэрэгт холбогдуулан шийтгүүлсэн хүмүүст шүүхийн шийдвэрийг нь одоог хүртэл өгөөгүй байна гэж хэлсэн. Ийм зүйл байж болохгүй. Үүнээс харахад Монголын Үндсэн хуулийн систем бүхэлдээ нурж унаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүх зарчим алдагдсан. Нууц гэдгээр 25 жилээр энэ хэргийг хааж байна. Би үүнийг ил болгоно. Захиалагчаа зарла гэж шууд шаардана. Миний өмнө нь ярьж байсан болон одоо ярьж байгаа бүгд баримттай шүү. Хоёрдугаарт бүх шинэ хуулийн хэрэгжилтийг судалж үзнэ. Монголын хууль Монголын нөхцөлд л таарч байх ёстой. Үнэхээр таараагүй хууль байвал засч залруулна. Монголд таараагүй хууль батлачихаар систем нь нурж унадаг юм. Би тав дахь Ерөнхий сайдын үед Засгийн газрын гишүүнд томилуулахаар яригдаж байна. Би хэзээ ч Хууль зүйн сайд болъе гэж Ерөнхий сайд дээр орж үзээгүй. Дандаа байдал амаргүй болчихсон, уначихсан үед надад энэ салбарыг өгдөг. Тагнуулаараа дуудуултлаа ажиллаж ирсэн.
 
Мөнгөний богцноос Монголын төрийг гаргахын төлөө би тууштай ажиллана. Ийм ажил хийдэг хүмүүст би энэ индэр дээрээс одоо зогс хэлье. Үүнийг энхийн замаар өөрсдөө хийж чаддаггүй юм бол хуулийн хайч хөдөлнө шүү. Монгол мафитай байх уу үгүй юу гэдгийг шийдэх асуудал. Танил тал, сүлжээнд дулдуйдсан энэ зүйлийг би тасална. Ингэж байж шударга ёс ярина. Би хуулийн сайд байхдаа улс төр ярьдаггүй байсан. Одоо бол ярина. Надад ажил хийх хугацаа ертөнцийн замаар богиносч байна. Тиймээс би ярих зүйлээ ярьж, хийнэ” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сүүлийн хоёр жилийн турш ярьсан Эрдэнэтийн 49 хувийг Монголын төрд авах асуудлыг яагаад сүүлийн үед ярихаа больсон талаар асуухад “Эрдэнэтийн асуудлаар би тултал явна, дийлдэхгүй бол Засгийн газрын түвшинд гаргаж ирнэ гэж хэлсэн. Одоо хүртэл шүд зуугаад хэлээгүй үг надад бий. Сүлжээг нь би мэдэж байна. Хөдөлдөггүй зүйлийг хөдөлтөл нь явж, хөдөлж өгдөггүй хүмүүсийг нь солино. Би Ерөнхийлөгчид хандана. Эрдэнэтийн асуудлаар Засгийн газрын 100 хоногоос өмнө маш яаралтай нааштай шийд гарах байх гэж харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийнханд дахиад хэлье, одоо боль” гэж хариулав. 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн салбарын шинэчлэлийн ажлыг хаанаас эхлэхийг асуухад “Ерөнхий сайд У.Хүрэлсүх том зарчим ярьсан нь энэ Засгийн газар хуулийн дагуу ажиллана, хууль бус зүйл бүү шаардаарай гэж хэлсэн. Засгийн газраас аливаа хууль бус ямар ч шийдвэр гаргуулахгүй байх, хуулийн зөрчлөөс хамгаалах ажил бол Хууль зүйн сайдын хийх ажил. Би энэ ажлаа маш сайн хийнэ. Хоёрдугаарт улс төрийн алдаатай шийдвэр гаргуулахгүйн тулд би Ерөнхий сайдад чадах чинээгээрээ тусалж ажиллана. Маш төвөгтэй ажилд очиж байгаагаа би ойлгохын дээдээр ойлгож байна. Дахиад ч ирнэ гэдгийг мэдэж байна. Энэ удаад би энэ салбарт очих эсэхээ их удаан бодож шийдсэн. Мөнгөтэй цаг үе ирчихсэн, маш их дайралт ирнэ, өч төчнөөн зохиол бичигдэнэ. Би мэдэж байгаа” гэлээ.
 
Үг хэлсэн гишүүдээс нийгмийн цочроож байсан олон хэрэг замхарч байгааг анхаарах, шинээр батлагдсан хуулиудад гажуудал үүссэн эсэхийг дахин нягтлах, 60 тэрбумын гэх хэргийг эцэслэх, зарчимын дагуу ажиллаж, шударга ёсыг сэргээн, сахиулахын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг захиж байв.
 
Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 69 гишүүний 89.9 хувь дэмжсэнээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Үүгээр Ц.Нямдорж Хууль зүйн сайдын албыг гурав дахь удаагаа хаших гэж буй томилгоо болов.
 
Товч намтар:
 
Төгссөн сургууль, мэргэжил
 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг