sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улсын эдийн засгийн салбарт өнгөрсөн сард гарсан томоохон өөрчлөлтүүдийг өнөөдөр Монголбанкны удирдлагууд танилцуулав.
 
Танилцуулгын эхэнд Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил УИХ-аар баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2018 оны үндсэн чиглэл”-ийн талаар товч мэдээлэл хийлээ. Сүүлийн саруудад эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийг бэхжүүлэх, аливаа эрсдлээс сэргийлж, иргэдийн ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад 2018 оны мөнгөний бодлого чиглэж байгаа юм. Энэ хүрээнд Банкны болон Төв банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг тэрбээр онцлов. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засгийн идэвжилтийг бэхжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх болобм бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
 
Түүний дараа Монголбанкны Судалгаа, статистикийн газрын Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр, “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улс 26 тэрбум ам.долларын гадаад өртэй байгаа юм. Тухайлбал, Засгийн газар 6.2 тэрбум, Монголбанк 1.9 тэрбум төгрөгийн өртэй бол хувийн хэвшлийн салбар 17.9 тэрбум ам.долларын өртэй байна. Харин эдийн засаг дахь нийт зээлийн үлдэгдэл 15.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт. Нийт зээлийн 49 хувь нь цалин, тэтгэвэр буюу иргэдийн, барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл зэрэг хувийн хэвшлийн зээл 51 хувийг эзэлж байгаа юм” хэмээв.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох чиглэлд Монголбанк ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
 
-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч байгаа. Үүнд Монгол Улсад орж ирж буй гадны хөрөнгө оруулалт томоохон нөлөө үзүүлж байна. Төв банкны тухай хуульд “Монголбанкны үйл ажиллагааны үндсэн зорилт нь төгрөгийн ханшийн тогтвортой байдал байна” гэж заасан байдаг. УИХ-д өргөн барьсан шинэ хуулийн төсөлд “Үнийн тогтвортой байдлыг хангах нь Төв банкны үндсэн зорилт байна” гэж өөрчилсөн. Үнийн тогтвортой байдалд гол анхаарлаа хандуулснаар төгрөгийн худалдан авах чадвар, ханшийг хадгалах боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг уурхайн салбараас хамааралтай. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ хэлбэлзэхэд төгрөгийн ханш ихээхэн өөрчлөгддөг. Тиймээс эдийн засгийг төрөлжүүлэх нь төгрөгийн ханшийг хамгаалах гол ажил. Энэ нь ихээхэн хугацаа шаарддаг тул бид аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй байгаа юм.
 
-Банкын тухай хуулийн төсөлд зээлийн хүүг Монголбанк тогтооно гэсэн заалт бий. Үүнд Монголбанк ямар байр суурьтай байна вэ?
 
-Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан стратеги урт хугацаанд зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдгийг нарийн тодорхойлох юм. Одоогоор тооцоо, судалгаануудыг хийж байна. Банкны салбараас гарч байгаа бүх зээлийн хүүг шууд тогтоох нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар авч ирдэг. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл өгөхөөс татгалзаж эхэлсдэг. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт зогсоно. Улмаар ажлын байрны тоо ч буурна гэсэн үг. Тиймээс бид ипотекийн зээл эсхүл уул уурхайгаас өөр салбарын экспортыг өсгөхөд чиглэсэн стратегийн чухал салбарын зээлийн хүүг Монголбанк тогтоож болно гэж үзэж  байгаа. Тиймээс хуулийн төсөлд “Монголбанк зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт орсон.
 
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг