sonin.mn
ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн Спорт нийтийн биеийн тамирын мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшигтэй ярилцлаа.
 
-Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт шинэчлэн батлагдсан энэ талаар тодруулахгүй юу?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төрийн цэргийн байгууллын удирдлагын бүрэлдэхүүнд хандаж, “Монгол цэргийн алба хаагчдын бие бялдрыг анхаарч хөгжүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг хангуулах, эрүүлжүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох” чиглэлээр үүрэг өгсөн. 2016 онд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуультай уялдуулан зарим дүрэм, журам, заавар, стандартыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгаас “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ыг шинээр боловсруулан гаргалаа. 
 
Стандартад тусгагдах цэргийн алба хаагчийн биеийн тамирын нормативыг 1983 оноос “БТЗ-83” заавраар, 1998 оноос албан тушаалын хяналтын норм, 2000 оноос насны ангилалд шилжүүлж биеийн ерөнхий хөгжлийн дөрвөн дасгалыг багтаасан бие бялдрын бэлтгэлжилтийн норматив болгон хэрэгжүүлж байсан. 2007 онд насны ангилал тус бүрд биеийн хүчний таван чанарыг илэрхийлсэн 25 дасгалын норматив, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын хүн амын биеийн жингийн индекс тодорхойлох аргаар цэргийн алба хаагчийн биеийн жингийн зохистой харьцааг дүгнэх аргачлалыг багтаасан Зэвсэгт хүчний “Цэргийн алба хаагчдын бие бялдрын шалгуур үзүүлэлт”-ийн стандартыг боловсруулж ЗХЖШ-ын даргын 2007 оны дугаар тушаалаар батлуулж, 2009 онд нэг удаа нормативыг шинэчлэн мөрдөж байсан юм. 2014 онд ЗХЖШ-ын даргын дугаар тушаалаар зөвхөн биеийн зохистой харьцааг тодорхойлох зорилготой “Цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт” болгон өөрчлөн мөрдөж байсан. Уг стандартыг шинэчлэн “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт” болгон цогц хэлбэрээр боловсруулж батлуулсан.
 
Стандартыг хэрэгжүүлснээр гарах бодит үр дүнг хэрхэн харж байна вэ?
 
-“Цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт” нь агуулгын хувьд өнөөгийн цэргийн алба хаагчийн биеийн зохистой харьцааг бодитоор хянах, таргалалтын эзлэх хувийг бууруулах, тэдгээрт тавих хяналтыг сайжруулахад тохирч, бодит үр дүнд хүрч байгаа боловч стандартыг хэрэгжүүлэх явцад доорх дутагдлууд илэрсэн. 2014 онд батлагдсан “Цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт”-ын нэршил нь тохирохгүй, нэршлийн хувьд “Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийн стандарт”-тай давхацсан, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн зорилго бүрэн тусгагдаагүй, цэргийн алба хаагчийн бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, залгамж байдал алдагдсан, шалгаж үнэлэх аргачлал нь тодорхой бус, нэгдсэн дүгнэлтгүй, цэргийн биеийн тамирын ажлыг зохион байгуулах үйл ажиллагааны аргачлал орхигдсон, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах аргачлал байхгүй зэргийг анги, байгууллага, холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудаас тавьсан саналыг үндэслэн дүгнэлт хийж, шинэчлэн сайжрууллаа.
 
Бие бялдрын бэлтгэлжилтийн нормативын талаар...
 
-2009 оноос мөрдөж байгаа бие бялдрын бэлтгэлжилтийн норматив нь цэргийн биеийн тамирын сургалт бэлтгэлийг чанаржуулж, бие бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлжилтийг шалгаж үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийцэж, чухал нөлөө үзүүлж байгаа боловч цэргийн алба хаагчдад тавигдах шаардлага, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшний өсөлт, сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавартай уялдуулан шинэчлэх шаардлагатай болсон. Бие бялдрын бэлтгэлжилтийн нормативыг анги, байгууллагад 2009-2017 онд явуулсан цогцолбор болон командлалын шалгалт, бусад сонгон шалгаруулалтын дүн, Зэвсэгт хүчний 032, 303, 327, ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй хийсэн сорилт зэрэг судалгаа, харьцуулалтыг гаргаж, Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавартай уялдуулан тоон үнэлгээнд шилжүүлсэн. Нормативт биеийн ерөнхий хөгжлийн түвшинг үнэлэхэд шаардлагагүй дасгалыг хасч, бие бялдрын чанар /хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатан, тусгай чанар/ тус бүрийг илэрхийлэх боломжтой 2-7 дасгал, нийт 14-21 үндсэн дасгалыг насны ангиллаас хамааран сонгон оруулсан. Бусад дасгалуудыг биеийн тамирын зааварт биеийн тамирын бэлтгэлийн хяналтын норматив болгон тусгаж, шалгаж, үнэлэх аргачлалыг заахаар тусгасан. Мөн нормативын үнэлгээ хэт өндөр байгаагаас цэргийн алба хаагчийн биеийн хүчний чанарыг бүрэн хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байсан 1000, 3000 метрийн гүйлтийн дасгалын нормативын үнэлгээг 0,3-1 минутаар нэмэгдүүлсэн. Тоон үнэлгээгээр шалгаж, дүгнэх явцад нормативын хугацаа их байгаагаас шалтгаалан бусад бие бялдрын чанараас хамааралгүй ерөнхий үнэлгээг өсгөх хандлагатай байсан 100 метрийн гүйлтийн дасгалын нормативын үнэлгээг нэг секундээр бууруулсан. Гимнастикийн хэрэглэлийг ашиглан хэвлийн булчинг хөгжүүлэх зорилгоор эрэгтэй цэргийн алба хаагчийн нормативт дүүжинд татаж давах, эмэгтэй цэргийн алба хаагчийн нормативд дүүжинд өнцөг барих дасгалыг шинээр нэмж оруулсан. Эмэгтэй цэргийн алба хаагчийн норматив гурван насны зөрүүтэйгээр найман насны ангиллаар хийгдсэн байсан нь нас өгсөх тутамд бие бялдрын бэлтгэлжилтийн нормативын үзүүлэлт суларч, хялбаршин цэргийн алба хаагчид тавигдах бие бялдрын чадварыг хангах, өөрийгөө дайчлах, хүрсэн түвшинг барих үйл ажиллагаа алдагдаж байгаа учир таван насны зөрүүтэй зургаан ангилал болголоо. Эрэгтэй цэргийн алба хаагчийн насны ангилалтай дүйцүүлсэн хэрэг. Мөн шинэчлэн батлагдсан Цэргийн албаны тухай хуульд офицерын алба хаах насны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан эрэгтэй цэргийн алба хаагчийн насны ангиллыг нэмж 51-55 нас, 56-аас дээш насны ангиллын нормативыг оруулсан.
 
Цэргийн алба хаагчдад байлдааны үүрэг биелүүлэхэд шаардлагатай тусгай чанарыг хөгжүүлэхэд чиглэсэн тусгай бэлтгэлийн нормативыг ч мөн шинээр боловсруулж оруулсан. Тусгай бэлтгэлийн нормативт гранатыг холд болон тойрогт шидэх, гардан тулааны арга мэх, гимнастикийн хэрэглэлд гүйцэтгэх дасгалууд гэх мэт шаардлагатай байгаа зарим өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн. Батлагдсан стандартыг Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
 
 
дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: “Соёмбо” сонин