sonin.mn
МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Гантөмөрийн Уянгатай ярилцлаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлсэн. Энэ нь үйл явдал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж, нийгмийг хоёр хэсэгт талцуулаад байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд Та байр сууриа илэрхийлэхгүй юү? 
 
- Шуугиант асуудлаар хүмүүс байр сууриа илэрхийлж талцах нь нэг хэрэг. Асуудлын шийдэл чухал. Ерөнхийлөгч шийдэл хэлсэн. Нэгдүгээрт, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа бага насны хүүхдийг хүчирхийлж амийг нь хороосон балмад хэрцгий гэмт хэрэгтэнд уучлал үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж төрийн тэргүүнээсээ уучлал хүсдэг иргэд цөөнгүй байдаг. Зөвхөн 2014-2017 оны 11 сарын байдлаар Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн 400 гаруй өргөдөл ирснээс 22 ялтанд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн байна. Одоо ийм балмад гэмт хэрэг үйлдэгчид энэ уучлалд хамрагдахгүй боллоо. Энэ бол шийдэл. Хоёрдугаарт, цаазын ялыг сэргээх санал гаргаж хэлэлцүүлэгт орууллаа. Хэрэгжүүлэхийн тулд УИХ хууль гаргах шаардлагатай. Ажил хэрэг болох эсэх нь УИХ-аас хамаарна. 
 
- 13 настай охин бусдад хүчирхийлүүлсний улмаас амиа алдсан харамсалтай хэргийн дараа олон нийт “Цаазын ялыг сэргээе”, “Гэмт этгээдийг олны өмнө буудан хорооё” гэцгээж байсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч сэтгэл хөдлөлдөө автаж, ул суурьгүй шийдвэр гаргалаа гэх хэсэг байна. Үүнд юу хэлэх вэ?
 
- Нийгмийг цочоосон энэ гэмт хэргүүдийн тухай мэдээлэл Ерөнхийлөгч анхнаас нь нухацтай хандаж ирсэн. ХЭҮК, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг холбогдох  байгууллага, хүмүүстэй уулзаж, ерөнхий мэдээлэл болон тодорхой хэргүүдийн талаар мэдээлэл авч, судалгаа гаргуулж, олон нийтийн санал сэтгэгдэлд анхаарлаа хандуулж, ийм төрлийн ялыг хэрэглэхээс татгалзсан болон буцаан хэрэглэж байгаа орнуудын талаар мэдээлэл авч, цаазын ялыг сэргээх болон сэргээхгүй байхаас үүдэн гарах үр дагаврууд, гарц шийдлүүдийг судалж, ярилцаж ажилласны эцэст хийсэн мэдэгдэл. ХЭҮК-ийн судалгаанаас цөөхөн тоог Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайдад явуулсан саналдаа дурдсан. Зөвхөн өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний цаана хүчирхийлэгчийн дарамтад айдас хүйдэстэй байдгаасаа болоод цагдаад мэдэгдэхгүй ахуйн хүрээндээ дарагддаг, энэ статистикт ороогүй хэд байгааг та бид хэлж мэдэхгүй. Дэндүү цөөхүүлээ монголчуудын хувьд аюулын харанга дэлдсэн аймшигт тоонууд ч бий. 
Өмнөх Ерөнхийлөгчийн сэтгэл хөдлөлтэй шийдвэрт нухацтай, судалгаатай хандаж энэ алхмыг хийсэн. Бодит нөхцөл байдал ч шийдвэртэй алхмыг шаардаж байна. ҮАБЗ-ийн тэргүүний мэдэгдлийг сэтгэл хөдлөлийн мэдэгдэл мэтээр ойлгож тайлбарлах нь харин сэтгэл хөдлөлтэй дүгнэлт байна.  
 
-Ерөнхийлөгч албан бичигтээ иргэдээс “Жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг оногдуулж, хатуу цээрлүүлж байх” саналыг  олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо гэсэн байсан. Нууц биш бол иргэдээс хэр олон санал ирсэн юм бэ. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг сэргээх хүсэлтэй иргэд үүний эсрэг байр суурьтай хүнээс олон байна гэж үзэж болох уу? 
 
-Ерөнхийлөгчид хандаж байгаа иргэдийн санал болон хэд хэдэн түүвэр санал асуулгаар энэ төрлийн ялыг сэргээж хэрэглэхийг дэмжиж байгаа нь дийлэнх олонх байна. Хуульч судлаачдын мэргэжлийн хүрээний дунд судалгаа явуулахад тэдний 83 хувь нь цаазын ял байх шаардлагатай гэж, 13 хувь нь шаардлагагүй үзсэн байна. Мөн өөр нэг судалгаанд “Цаашид Монгол Улсад цаазаар авах ялыг халах шаардлагатай юу?” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүсийн 22 хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, 4 хувь нь хариулахад хүндрэлтэй хэмээн хариулжээ. Иргэдийн дунд явуулсан маш олон санал асуулгаар цаазын ялыг сэргээх санал үүнээс хамаагүй өндөр хувиар гарч ирж байна. Гэвч энэ бол нэг л үзүүлэлт. Ийм шийдвэрийг зөвхөн олон нийтийн саналд хөтлөгдөж гаргадаггүй гэдгийг дээр хэллээ. Эсрэг байр сууриудыг ч нухацтай авч үзэж, судалсан. 
 
-Цаазын ялыг сэргээснээр амар тайван байдал бий болж, хүчирхийлэл буурна гэх баталгаа бий юү? Манай улс өмнө нь цаазын ялтай байхад ч зургаан сартай хүүхдийг хүчирхийлсэн бусармаг хэрэг гарч байсан юм билээ? 
 
-Нийгэмд амар тайван байдал бий болж хүчирхийлэл буурах баталгаа нь ялын бодлого биш. Харин иргэдээ ажилтай болгож амьдралыг нь сайжруулан, нийгмийн ухамсрыг сэргээх төрийн цогц бодлого. Ямар ч сайхан нийгэмд балмад гэмт хэргүүд гардаг, тиймээс гэмт хэрэгтэнд тохирсон ял хэрэглэх эсэх тухайд асуудал ярьж байгаа гэж ойлгож байна. Нийгмийн ямар ч цаг үед бүхий л төрлийн гэмт хэрэгтнүүд тохирсон ял шийтгэлээ хүртэж байх нь шударга ёсыг хангах зарчим мөн. 
Гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн, шийдчихсэн алуурчин шүүхийн танхимд шүүгчдээр бах таваа хангаад төр рүү нулимаад тоглож суух нь зүй зохистой гэж үзэхгүй байна.
  
-Ерөнхийлөгчийг цаазын ялыг сэргээнэ гэж хэлсний эерэг, сөрөг маш олон байр суурь хөвөрсөн. Тэдний заримаас иш татаж асууя. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн. Цаазын ялыг сэргээснээс түүхэн алдаа болно гэж үзэх хүн цөөнгүй байна. Энэ тухайд? 
 
-Аль нь алдаа  аль нь оноо байсныг түүх өөрөө шүүх бизээ. Хуульзүйн хувьд дагаж мөрдөх тодорхой заалтуудыг Ерөнхийлөгч саналдаа дурдсан. МУ-ын Үндсэн хуулийн 16.1-т “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж тодорхой заасан. ОУ-ын гэрээний тухай хуулийн 29-р зүйлд ОУ-ын гэрээг цуцлах, гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг ЗГ-ын саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр заасан. 
Ерөнхийлөгч ч мөн л Үндсэн хуулиар заасан монгол хүний амьд явах эрхийн тухай, мөн Үндсэн хуулийн 19.1-т заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” үүргийнхээ тухай яриад байгаа юм шүү дээ.  
 
-Гэхдээ л энэ олон улсын тавцанд энэ талаар овоо нэр хүнд олж байсан байр суурийг ганхуулах бодлогогүй алхам боллоо гэж зарим хүмүүс дүгнэж байна? 
 
-Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээр байсаар атал 2010 оны 1 сарын 14-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэж мэдэгдсэн нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Бид бүхний дээр Үндсэн хууль байна, түүнд нийцэж байх ёстой бусад хуулиуд байна. Төрийн тэргүүн нь мөрдөхгүй бол хэн мөрдөх болж байна аа?! Бидний бүх нийтээр дагаж мөрдөх ёстой зарчим, хэм хэмжээ, мөрдлөг бол Үндсэн хууль. 
Монгол Улс өөрөө энэ талаар бас туршлагатай, хоёр ч удаа цаазаар авах ялыг халсныхаа дараа буцаан хэрэглэж байсан байна. 1953 оны наймдугаар сарын 5-ны  “Алах ялыг өөрчлөх тухай” 96 дугаар зарлигт “БНМАУ –ын АИХ-ын Тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” гэж бичсэн байна. Гэвч  эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, харгис гэмт хэргийг гаралт нэмэгдсэний улмаас халснаасаа хойш 1 жил 4 сарын дараа 1954 оны зургадугаар сарын 9-ний АИХ-ын  Тэргүүлэгчдийн 67 дугаар зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоож, цаазаар авах ялыг сэргээсэн байна.        
 
- Манай улс 2012 онд цаазын ялыг халах Иргэний ба улс төрийн эрхийн пактын II протоколд нэгдсэн. Энэ нь Монгол Улс олон улсын олон талт гэрээнд нэгдсэн гэсэн үг болохыг олон хуульч хэлж байна. Тус гэрээг заавал биелүүлэх үүрэгтэй, дотоодын хууль захирамжаар түрий барьж энэ зарчмаас битгий татгалзаачээ гэсэн санаа бий юм билээ. Олон улсын энэ протоколоос татгалзах юм бол манай улс олон улсад нэр хүндгүй, цаашлаад эдийн засгийн харилцаа, зээл тусламжид доголдол гарна гэх юм. Одоо өөрчлөлт хийх цаг оройтсон юм биш үү ?
 
-Гэрээ, протоколоос татгалзах шаардлага, тайлбараа  гишүүн орнуудад хүргүүлээд 3 сараас багагүй хугацаанд нэг ч оролцогч татгалзлаа илэрхийлээгүй бол мэдэгдэл илгээсэн тал санал болгосон арга хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй. Аль нэг оролцогч татгалзвал НҮБ-ын дүрэмд заасан бусад аргуудаар зөвшилцөх боломжтой гэж дүрэмдээ заасан юм байна. 
Ер нь цаашид улс орондоо хэрэгжүүлэх шаардлагатай аливаа хууль батлах, хэм хэмжээ тогтоохдоо бусдын хамааралд орохгүй байхын тулд ОУ-ын гэрээ, конвенцид нэгдэхдээ сэтгэл хөдлөлөөр биш судалгаатай, үндэслэлтэй хандаж байх шаардлагатай тухай Ерөнхийлөгч үгэндээ хэлсэн. 
Олон улсын тавцанд Монголын нэр хүнд конвенцид нэгдсэн, гарсан эсэхээс илүү улс орноо хэрхэн авч явж, ард иргэдээ яаж амьдруулж байгаагаар хэмжигдэнэ. Өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудал түүнээс илүү хурцаар тавигдаж байна гэж бодож байна. 
 
-Дэлхийн дийлэнх улсууд энэ ялыг хэрэглэхгүй байхаар протоколд нэгджээ. Тэдний туршлагын үр дүнгийн талаар мэдээлэл байна уу? 
 
Одоогоор Япон, АНУ, Өмнөд Солонгос, ОХУ, Хятад, Сингапур зэрэг 58 улсад цаазаар авах ял хүчинтэй. Гүйцэтгэлээрээ АНУ гэхэд эхнээсээ 5-рт жагсаж байх жишээтэй. 30 улс хэдий хууль нь байгаа ч ийм ялыг сүүлийн 10 гаруй жил хэрэгжүүлэхгүй түтгэлзэж буй, яг манайхтай адил гэсэн үг. Манайд 2009 оноос хойш энэ ялаар нэг ч хүн шийтгээгүй. 104 улс цаазаар авах ялыг бүрэн цуцалсан хэдий ч Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт II протоколд дайны үед энэ ялыг хэрэглэж болохоор тусгасан байдаг. Дайны нөхцөл байдал үүсвэл протоколд нэгдсэн Европын 44 улсад энэ ял хэрэгжиж эхлэх боломжтой.
Мөн 1990-ээд оноос одоог хүртэл 60 гаруй улс цаазаар авах ялыг бүрэн халсны дотор Болгар, Молдав, Румын, Украйн, Латви, Узбек, Монгол зэрэг хуучин социалист системийн орнууд дийлэнх нь байна. Тэд мөн л манайх шиг энэ ялыг хэрэглэхээс түдгэлзээд, эсвэл татгалзаад удаагүй байна.  
Зарим оронд энэ ялыг тодорхой тохиолдолд хугацаа зааж хууль гаргаж хэрэглээд буцаан цуцалж байсан жишээ ч байна. Тусгаар улсад өөрийн нөхцөл байдалдаа тохируулан ямар ч ялыг хэрэглэх, халах эрх нь өөрт нь хадгалагдах ёстой. 
 
-Цаазаар авах ял нь хүчирхийллийг таслан зогсоох шийдэл гэж үзэж байна уу. Улстөрийн зорилгоор ашиглах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхгүй гэсэн баталгаа бий юү? 
 
-Ерөнхийлөгч маш тодорхой гэмт хэргийг нэр заан цаазын ял хэрэглэхийг санал болгож байгаа. Мушгин гуйвуулах шаардлагагүй. Бусармаг гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оноох тухай ярьж байхад улстөрийн хэлмэгдүүлэлт-геноцид аллагатай хольж хутгах хэрэггүй. Монгол Улс ардчилсан орон, үзэл бодлоосоо болж ял шийтгүүлсэн улстөрийн хэрэгтэн байхгүй гэж ойлгож байгаа.  
 
-Цаазын ял хүсдэг хүний эрхийн зөвлөх гэж таныг бас шүүмжлэгсэд байна? 
 
-Энэ асуудал хэн нэгэн хүний хүсэл биш. Тийм хүслээс урган гараагүй. Бодат байдлаас урган гарсан хэлэлцүүлэг. Тийм хүсэлтэй хэн нэгний хүслээр ч шийдэгдэхгүй. Асуудлыг эцэслэн шийдэх субъект нь УИХ. Амиа алдсан, хүний амь егүүтгэсэн хоёр хүний эрхийн тухай асуудлыг зэрэгцүүлэх нь ч, сөргөлдүүлэх нь ч шударга биш. Зохих эрэмбэд оруулах нь төрийн үүрэг. Ийм шударга ёс хүний эрхийг хангах үндсэн баталгаа гэж үздэг. Хэлд, хөлд ороогүй нялх хүүхдүүдээс эхлээд насанд хүрээгүй хүүхдүүдээр бэлгийн дур хүслээ хангаж хүчирхийлж егүүтгэдэггүй улс болохын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах болон хориглох бүх эрх Монголын төрд өөрт нь хадгалагдаж байх ёстой. Эцсийн дүндээ хүн цаазлах тухай биш, шударга ёс тогтоох зарчмын тухай ярьж байна. Төрийн хууль зөвхөн шийтгэдэггүй, ёс суртахууны зарчим, хэм хэмжээг тогтоодог хамгийн чухал хэрэгсэл. Асуудлын цөмийг ингэж харвал илүү зохистой.
 
Ч.Болортуяа
 
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин