sonin.mn
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
“Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ээр хийж гүйцэтгэх хамгийн том ажил нь Хүүхдийн ордон барьж, байгуулах юм. Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийн тулд кино театртай, урлаг заалтай, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан секцүүд хичээллэх боломжтой томоохон ордонг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр барина.
 
Манай аймаг хүүхэд оролцсон гэмт хэргийн тоогоор улсад хоёрдугаарт орж байна. Мөн хүүхэд гэмт хэргийн золиос болох, сурагчдын дунд үе тэнгийнхний дарамт шахалт ихсэх явдал сүүлийн жилүүдэд эрс өсч байгаатай холбогдуулан хүүхдийн хүмүүжил, хамгаалал руу анхаарал хандуулж эхлэв.
Зорилтот жилийн хүрээнд хүүхдийн сурлага руу анхаарахаас илүү хүмүүжил, төлөвшил рүү хандсан цогц үйл ажиллагаа явуулна гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байлаа. Тухайлбал багш, эцэг эхчүүдийн харилцаа, хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлд багагүй ажил хэрэгжүүлэх гэнэ.
 
 
Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг