sonin.mn
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ онд гурван ихэр хүүхэдтэй болсон хоёр гэр бүлд аймгийн ЗДТГ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас байр бэлэглэлээ.
 
Өнгөрсөн сарын 29-нд гурван ихэр хүүхэд төрүүлсэн Б.Солонгод “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гурван өрөө байр өглөө. Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилладаг. Тэрээр гурав дахь төрөлтөөрөө нэг хүү, хоёр  охин төрүүлсэн юм. Б.Солонго нь гэр хорооллын Яргуйтад амьдарч байсан ажээ.  
Энэ оны тавдугаар сард гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд нь мөн л гэр хороололд амьдарч байсан бөгөөд анхны төрөлтөөрөө ийнхүү гурван хүүхэдтэй болжээ. Г.Бадамхандын гэр бүлд орон нутгаас "Lux Apartment" орон сууцны хороололд хоёр  өрөө байр бэлэглэлээ.  Г.Бадамханд “Хаан бууз” ресторанд ажилладаг ажээ.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт гурван хүүхэд төрүүлсэн дөрвөн тохиолдол байна. Үүний хоёр нь Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор төржээ.
 
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг